
УИХ-ын хаврын ээлжит чуулган 10 цагаас нээлтээ хийлээ. Чуулганыг нээж Улсын их хурлын дарга Н.Учрал үг хэлэв.
Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.
Ерөнхийлөгчийн хувьд олон улсын нөхцөл байдал хүнд байгаа ч Монголчууд хөдөө аж ахуйн салбарт ахиц дэвшил гаргаж, эдийн засаг 6.8 хувиар өссөн гэдгийг хэллээ.
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдэд хандан “Олон улсад худалдаа, эдийн засгийн хүндрэл гарч буй энэ үед УИХ, ЗГ сахилга хариуцлагатай байж, ээдрээтэй цаг үеийг эрсдэл сөрсөн бодлогоор давах ёстой. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал бүрээр дамжуулан иргэдийнхээ ирээдүйг харсан шийдвэр гарган ажиллах шаардлагатай. Цаашид төрд итгэх ард түмний итгэлийг нэмэх ёстой. Өнөөдөр бий болсон зовлонгийн шалтгаан нь ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй байдал. Бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, иргэндээ ээлтэй нийгмийг бий болгох хэрэгтэй. Ардчилсан парламентийн оршин тогтнох үндэс нь ёс зүй. УИХ-ын гишүүний эрх дарх бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хаах бамбай биш. Намайг парламентад халдлаа гэж шүүмжилж байна. Миний байр суурь маш тодорхой. Ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Би хэн нэгний эрх мэдийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай яриагүй. Миний өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгаад буй Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тал бүрээс нь хэлэлцэж, баталж өгнө гэдэгт итгэл дүүрэн байна” гэж хэлэв.
Ийнхүү УИХ-ын дарга Н.Учрал болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар үг хэлснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөлөө. Ирэх дөрөв дэх өдрөөс эхлэн нэгдсэн чуулган тогтсон хуваарийн дагуу хуралдаж эхэлнэ.