
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр /2026.03.17/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталж, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг байна.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгаа нь тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ. Сүхбаатар аймгийн хувьд Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг мөн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн төсөл дэх газар зүйн нэрүүдийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, нийтэд сурталчлан таниулахаас гадна 2026-2027 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт тэмдэглэж, олон нийтэд зөв нэрээр сурталчлан таниулж, хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах болон монгол үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хадгалж, хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.