
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлэхээр бэлтгэж байна. Тус төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” компани ажиллаж байна.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэж байна. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны 74 дүгээр тогтоолоор төсөл хэрэгжүүлэх талбайг батлуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газрын эзэмших эрхийг нийслэлд шилжүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн давааны хогийн цэг орчимд үнсэн сангийн зориулалттай 39 га газрыг эзэмших эрх гарсан. Төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 22 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байна.
Технологийн хувьд ДЦС-5 нь агаарын хөргөлттэй конденсатортой мөн усаа дахин ашиглах системтэй тул усны хэрэглээ харьцангуй бага байх онцлогтой. Станц нь эргэлтэт буцламтгай үет шаталттай (CFB) зуух ашиглах тул хүхрийн болон азотын дутуу ислүүдийн ялгаралт буурч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц багасна гэсэн судалгаа гарсан. Дулааны тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үнийг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулах юм.
ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС