
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар:

Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ. Хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч манай улсад энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм.
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
"Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
Төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах зорилгоор Засгийн газрын2025 оны нэгдүгээр сарын 8-ны шийдвэрүүдийн дагуу байгуулсан энэ бүтэц хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй, санхүүгийн дарамт үүсгэж буй тул цаашид улам хүндрэхээс сэргийлж, татан буулгах нь зүйтэй гэж үзжээ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Манай улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн холбооны тоо тогтмол өсөж, 2023 оны байдлаар 1,676-д хүрчээ. Мөн СӨХ-дын нэр дээр 2.2 сая ам.метр газар ашиглах эрх бүртгэгджээ. СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд 15 мянга өргөдөл, гомдол гаргаж, шүүхэд есөн мянга гаруй нэхэмжлэл ирсэн нь эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг илтгэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар:

Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, түүнд туссан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Түүхч эрдэмтдийн хийсэн эд өлгийн болон сурвалж бичгийн судалгаагаар Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг 5000 орчим жилийн өмнөөс эхлэлтэйг тогтоосон.
Төлөвлөгөөнд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох, үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр уламжлалтын эмч мэргэжилтнийг бэлдэх, ховордсон эмийн ургамлыг хамгаалах, тарималжуулах, эмийн бүртгэлийг сайжруулах, Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан уламжлалт эм үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт эмийг экспортод гаргах, хууль эрхзүйн орчны сайжруулах, уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурласан эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зэрэг асуудлыг тусган боловсруулан танилцуулж байна.
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаарх танилцуулгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны эхний 2 сард харьцангуй тогтвортой, дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан бол АНУ, Израйлаас Иранд явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбоотойгоор энэ сарын эхнээс тогтмол өсөж Брент маркийн газрын тосны үнэ энэ сарын 08-нд хамгийн өндөр буюу баррель нь 108.23 ам.долларт хүрч өссөн бол өчигдрийн байдлаар баррель нь 102.99 ам.доллар болоод байна.

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан Монгол Улсын дотоодын зах зээл дэх шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөхөөр байна. Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний хуралдаанаар "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтсон. Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор Монголбанк болон Арилжааны банкуудтай холбогдох уулзалтыг зохион байгуулж зээлийн нөхцөл шаардлагыг боловсруулаад байна. Энэ онд багтаан 150 мянган метр.куб багтаамжтай агуулахыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-ыг шинэчлэн баталлаа. "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна. Шагналыг хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр олгоно.