
⚠️Монгол Улс засаглалын хямралд оров уу? Таван намын төлөөлөлтэй, 126 гишүүнтэй ардчилсан парламент хаврын чуулганы нээлтээ хийсэн ч, хуралдаж чадсангүй. Өнгөрсөн даваа гарагт болсон хаврын чуулганы нээлтийн дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар сайдаас огцрох өргөдлөө өгсөн гэдгээ мэдэгдсэн. ➡️ Ингээд маргааш нь дараагийн сайд нараар томилогдох хүмүүсийн нэрс тодорхой болж, Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы хуралд танилцуулж, сайд нарын томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэх болов.
❗Гэвч Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн намын дарга УИХ-ын даргын албыг давхар хаших нь ардчилсан парламентын зарчимд нийцэхгүй тул УИХ-ын дарга Н.Учралыг огцортол чуулганы хуралдаанд суухгүй гэж шийдсэн нь чуулганы ирцэд шууд нөлөөлж, лхагва гарагт болно гэж зарласан чуулганы хуралдаан пүрэв гарагт болж хойшлов. Харин пүрэв гарагт чуулганы ирц хүрсэнгүй.
Ингээд МАН-ынхан өнгөрсөн долоо хоногийн турш хөшигний ард хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадсангүй. Ийм байдлаар үргэлжилбэл УИХ-ын дарга Н.Учралыг огцрохоос нааш, уг гацаа арилахгүй нь тодорхой. Хэрэв Н.Учрал УИХ-ын даргын суудлаа өгвөл, намын даргын хувьд Ерөнхий сайдын суудалд очих өндөр магадлалтай. Тэгвэл энэ тохиолдолд Ерөнхий сайд Г.Занданшатар “жийгдэнэ”. Харин УИХ-ын даргын суудлыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тал авахаар тохиролцож мэднэ гэсэн бэрх яриа дэгдэв. Гэвч бодит байдалд Н.Учрал нэгэнт Ерөнхий сайд болбол УИХ-ын даргыг АН-тай зөвшилцөөд томилох боломж бүрдэнэ.
Ийнхүү эрх баригч намын зовлон, Монгол төрийн асуудал болоод удаж буй. Одоогоор Монголын төр залуургүй байна. Тохироо бүрдэж хэн нэгэн нь залуурын ард суутал хүлээх л үлдэж байна. ⏳
UIH.mn сайт долоо хоног бүрийн даваа гарагт улс төр, нийгмийн тойм "Newsletter" хүргэж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.