
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийг хохиролгүй болгох Ажлын хэсэгт удаашралтай ажиллаж байгааг анхааруулав.
Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд зориулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгаж, ашиглалтад оруулах ажил үе шаттай хэрэгжиж буй талаар Ажлын хэсгийн ахлагч ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл мэдээллээ.

Тухайлбал, дутуу баригдсан “Шинэ Яармаг” хорооллыг гүйцэд ашиглалтад оруулснаар багш, эмч нарыг орон сууцаар хангах, ипотекийн зээлд хамруулах, Хөгжлийн банкны өр төлбөрт авсан Гантиг вилла хотхоны барилгад дахин үнэлгээ хийж, зарим барилгыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой. Мөн 52 обьектыг дуудлагаар худалдах бололцоотой гэж Ажлын хэсэг дүгнэжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл хангалтгүй байгааг шүүмжилж, шийдэмгий арга хэмжээ авч, ажлаа эрчимжүүлэхийг даалгав.

Өр төлбөрт тооцож авсан обьектод зах зээлийн үнэлгээ хийх, хохирол барагдуулах, худалдан борлуулах тогтолцоог шинэчлэхгүй бол ажил урагшлахгүй гэдгийг анхааруулав. Энэ хүрээнд хөрөнгийн менежментийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх хуулийн төслийг шинэчлэн боловсруулж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.

Улс хоёр их наяд төгрөгийн авлагатай. Үүний 482.48 тэрбум нь Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банкны, үлдсэн нь Хөгжлийн банканд 27 зээлдэгчийн өр төлбөр байна.