Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Цар тахлын үеийн санхүүжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын танилцуулга
2023-10-11

УИХ-аас байгуулсан КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ САР ТУТАМ НЭЭЛТТЭЙГЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХЯНАЛТ ТАВИХ ШААРДЛАГАТАЙ БОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ, САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ түр хорооны 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ өдрийн хуралдааны тэмдэглэлийн хэсгээс танилцуулж байна. 

Тус хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт үр дүнгийн талаар дараах товч танилцуулга хийжээ. 

С.Чинзориг: Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар 662 сая хүн өвчилж 6.7 сая хүн нас барж, халдварын тархалт бас харьцангуй буурч байна гэсэн ийм мэдээлэлтэй байна. Монгол Улсад 1,007,843 хүн өвчилж 2,136 хүн нас барсан гэсэн ийм тоон статистик мэдээлэлтэй байна. Ковид-19 халдварын цар тахлыг даван туулахад дэлхийн 32 улс тусгай хууль батлан хэрэгжүүлсэн байна. Манай Улсын хувьд  2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлуулан хэрэгжүүлсэн. Хууль батлагдсанаар шуурхай шийдвэрээ гаргуулах эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн салбарын урсгал төсөвт тодотгол хийх, эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр зардлын зориулалт арга хэмжээ, зардал хооронд төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд шилжүүлэх боломжийг хангаж, санхүүжүүлэх боломж нөхцөлийг бол бас бүрдүүлсэн нь маш давуу тал болсон гэж бол үзэж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, дуусаагүй барилга байгууламжийг дуусгах, ашиглалтад оруулах шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тодотголоор бас шийдвэрлэж өгч байсан нь их давуу тал болсон гэж үзэж байна. Цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх зохицуулалтын хүрээнд халдварын эрт илрүүлэх шинжилгээ, тандалтад цахим технологи нэвтрүүлснээр салбар дундын үйл ажиллагаа, мэдээллийн нэгдсэн урсгалыг бий болгож чадсан гэж бол үзэж байна.  Эрүүл мэндийн яамны дэргэд эмнэл зүйн болон тархвар судлал, эрдэмтдийн зөвлөлийг байгуулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн өөрийн орны Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан тандалт, оношилгоо, эмчилгээний заавар удирдамжийг боловсруулж, тандалтын зааврыг 5 удаа, эмчилгээ оношилгооны заавар 9 удаа шинэчлэн хэрэгжүүлсэн.

            Халдварын эмчилгээний хяналтыг сайжруулах, хүндрэхээс сэргийлэх зорилгоор анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагад  Халдвар батлагдсан иргэний эмчилгээ, хяналтыг шилжүүлсэн төдийгүй явуулын лабораторийн тусламж үйлчилгээг гарган иргэд үзлэг, оношилгоонд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Цар тахлын хүнд үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд халдвартай иргэнийг зөв эрэмбэлэх, хөнгөн, хүндэвтэр, эмнэл зүйн хэлбэрийн үед нарийвчлан хянах, хүнд эмнэл зүйн тохиолдлыг эрчимтэй эмчилж нэн хүнд хэлбэрт шилжүүлэхгүй байх гол зарчмыг баримтлан ажилласан нь үр дүнтэй болсон гэж бол үзэж байна.

               Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/203 тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд төвлөрч байсан тандалтын багийг өргөжүүлж эрүүл мэндийн төвүүдэд тандалтын багийг байгуулж, Нийслэлийн хэмжээнд 40-50 баг, Аймгийн хэмжээнд 5-10 багийг тогтмол ажиллуулж хавьтлын судалгаа хариу арга хэмжээнд бас ажиллуулсан. Коронавируст халдвар тархалтын үе шатыг үнэлэх шалгуур үзүүлэлтэд суурилан тохиолдолд суурилсан тандалт, ойрын хавьтлын идэвхтэй тандалт, судалгаа өндөр эрсдэлтэй албан байгууллагад суурилсан идэвхтэй тандалт, гадаад, дотоод орчны агаарын чанар, орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, хилийн нэвтрэх цэгийн идэвхтэй тандалт, хаалттай орчинд бүртгэгдсэн кластерын тандалт судалгаа, эмийн санд түшиглэсэн тандалт, сүрьеэ, коронавируст халдварыг илрүүлэх хамтарсан тандалт, амьтны дундах идэвхтэй тандалт, судалгаа зэргийг бас зохион байгуулсан. Тухайлбал, хилийн нэвтрэх цэгийн идэвхтэй тандалт судалгаагаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал стратегийн ач холбогдол бүхий Гашуун сухайт хилийн боомтод давхардсан тоогоор 280,000 гаруй хүнийг лабораторид суурилсан тандалтад хамруулж 7,000 гаруй тохиолдлыг илрүүлж, хариу арга хэмжээ зохион байгуулж ажилласан. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хүн амын нэгдсэн мэдээллээр тасралтгүй хангах үүднээс салбар хоорондын байгууллагын оролцоог хангасан хэвлэлийн хурлын өдөр бүрийн 11 цагаас хийж эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд 650 удаа, 800 гаруй инфо график, 380 гаруй мэргэжлийн эмчийн зөвлөгөө, 200 гаруй видео шторкийг бэлтгэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж давхардсан тоогоор 100 сая хүнд хүргэсэн гэсэн ийм тоон мэдээлэл байна. Ингэснээр хүн амын гар угаах дадал өөрчлөгдөж, 83.2 хувь нь гар угаах давтамж нэмэгдсэн. Амны хаалт зүүх хугацааг 12 цагаас 2.4 цаг болгож бас богиносгосон гэсэн ийм үр дүнтэй байна. Монгол Улсад коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлэн коронавируст халдварын эсрэг 8.6 сая тун вакцинаар давхардсан тоогоор 5.6 сая хүнийг вакцинжуулж, дархлаажуулалтын цахим мэдээллийн санг бүрдүүлж, улсын хэмжээнд вакцинжуулах үйл ажиллагааг удирдлага, мэргэжил арга зүйгээр хангаж, шийдвэр гаргагчдыг тоон мэдээ мэдээллээр тогтмол хангаж ажилласан.

             Ковид 19 халдварын цар тахлын дараах урт хугацааны ковид илрүүлэх үйл ажиллагааг эрт илрүүлэхтэй хослуулан 21 аймаг 5 дүүрэгт дэмжих төвийг байгуулан хяналт тавьж ажиллаж байна. Ковид 19-ийн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болон эрүүл мэндийн салбарын чадамжийг сайжруулах хөрөнгө оруулалтад нийт 1 их наяд 617.3 сая төгрөгийн зарцуулалт хийгдсэн. Үүнээс эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ үзүүлэх оношилгоо, эмчилгээний чадамжийг сайжруулах хөрөнгө оруулалтад 175.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үлдэгдэл 1 их наяд 441 тэрбум 700 сая төгрөгийг цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулсныг ангилан авч үзвэл Эрүүл мэндийн яамаар дамжин санхүүжигдсэн 1 их наяд 118 тэрбум 800 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан 322.9 тэрбум төгрөг байна.

Ковид  19-ийн цар тахлын хариу арга хэмжээнд нийт зарцуулсан зардлыг эх үүсвэрээр нь ангилан харьцуулбал улсын төсвөөс 501.6 тэрбум төгрөг, Засгийн газрын нэмэлт санхүүжилт буюу нөөц сангаас 78.1 тэрбум төгрөг, Олон улсын байгууллагын зээл, хандив тусламжаар 490.6 тэрбум төгрөг, Иргэдийн хандив тусламжаар 0.4 тэрбум төгрөг, Аж ахуйн нэгжийн хандив тусламжаар 47.7 тэрбум төгрөг,  Улсын Онцгой комиссоос 0.45 тэрбум төгрөгийн үнэ бүхий аппарат худалдан авч өгсөн гэсэн ийм тоон мэдээлэлтэй байна.

         Улсын төсвөөс эм урвалж оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл худалдан авах, эмнэлгийн ажилчдын илүү цагийн хөлс болон урамшуулал, гамшгийн эсрэг хариу арга хэмжээ, зарим эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтэд 2020 онд 68.8 тэрбум төгрөг, 2021 онд 148.8 тэрбум төгрөг, 2022 онд он дамжсан Эрүүл мэндийн даатгалын сангийн өглөгийн асуудлыг шийдвэрлэхэд 284 тэрбум төгрөгийг тус тус олгосон. Засгийн газрын нөөц сангийн нэмэлт санхүүжилтээр нөөц бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилт болон цар тахлын эсрэг зарим хариу арга хэмжээнд зориулан 2020 онд 12.2 тэрбум төгрөг, 2021 онд 65.9 тэрбум төгрөгийг олгосон байна.  Эрдэнэс тавантолгой хувьцаат компаниас олгосон 15.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын тогтоолын дагуу эрүүл мэндийн салбарын нөөц бүрдүүлэхэд 10.4 тэрбум төгрөг, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад 0.6 тэрбум төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтэд 4.5 тэрбум төгрөг тус тус зарцуулсан. Олон улсын байгууллагын зээл, хандив тусламжаар 2020 онд 62.9 тэрбум төгрөг, 2021 онд 427.6 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна.

          Уг санхүүжилтээр вакцины худалдан авалт болон эрүүл мэндийн салбарын цар тахлын эсрэг хийх чадавхыг сайжруулах хөрөнгө оруулалтад зарцуулсан. Иргэдийн хандив тусламжаар 2020 онд 273 сая төгрөгийн бэлэн мөнгө, 81 сая төгрөгийн бараа, материал, 2021 онд 1.32 сая төгрөгийн бэлэн мөнгө, 0.35 сая төгрөгийн бараа материал хүлээн авч зарцуулсан байна. Аж ахуйн нэгж байгууллагын хандив тусламжаар 2020 онд 444 сая төгрөгийн бэлэн мөнгө, 8.4 тэрбум төгрөгийн бараа материал, 2021 онд 1.8 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 21.6 тэрбум төгрөгийн бараа материал хүлээн авч зарцуулсан байна. Эрүүл мэндийн яамны эрхлэх асуудлын хүрээнд нийт 1 их наяд 118 тэрбум 800 сая төгрөг зарцуулсан ба 2020 онд 153.5 тэрбум төгрөг, 2021 онд 681.3 тэрбум төгрөг, 2022 онд 280 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан.

           Эрүүл мэндийн яамаар дамжсан санхүүжилтийн зардлын төрлөөр авч үзэхэд эмч, ажилчдын илүү цагийн хөлсөн 18 тэрбум төгрөг, эмч ажилчдын урамшуулал олгоход 52 тэрбум төгрөг, урвалж оношлуур худалдан авахад 64.1 тэрбум төгрөг, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад 51.1 тэрбум төгрөг, вакцин худалдан авахад 367.1 тэрбум төгрөг, хамгаалах хувцас, хэрэгсэл худалдан авахад 64.3 тэрбум төгрөг, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авахад 8.1 тэрбум төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд зориулан Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлсэн 357.5 тэрбум төгрөг, бусад бараа материал худалдан авахад 2.1 тэрбум төгрөг, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад 121.9 тэрбум төгрөг, вакцин болон эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн зориулалттай барилга байгууламжийн зардалд 12.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. 2020-2021 онд 8.6 сая тун вакцин худалдан авахад зориулан 367.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зарцуулсан. Ковакс хөтөлбөрийн хүрээнд 1.6 сая хүн тун, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тусламжаар 150 мянган тун, Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2.3 сая хүн тун, Афбакс хөтөлбөрөө 1.3 сая хүн тун, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусламжаар 300 мянган хүн тун, Монгол Улсын Засгийн газрын худалдан авалтаар 2.9 сая хүн тунг тус тус татан авсан байна.

         Вакцинжуулалттай холбоотой бүх мэдээллийг нийтэд ил тод байршуулсан.  Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа тооцооны ажилд 2.2 тэрбум төгрөг, мэдээллийн системийн хөгжүүлэлтэд 0.24 тэрбум төгрөг, эрүүл мэндийн сургалт, сурталчилгаанд 2.5 тэрбум төгрөг, нүүлгэн шилжүүлэлт болон бусад арга хэмжээнд 3.2 тэрбум төгрөг тус тус зарцуулсан. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны хамтарсан тушаал 2022 оны Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 01 тогтоолын дагуу 5.4 сая хүнээс дархлаажуулах үйл ажиллагаанд зориулан эрүүл мэндийн байгууллагад 27.1 тэрбум төгрөг, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн гэрээр хянаж, эмчлэх тусламж үйлчилгээнд хамрагдсан 593.8  мянган тохиолдолд зориулан 95.1 тэрбум төгрөг, өрх, сум, тосгоны анхан шатны эрүүл мэндийн байгууллага тандалтын зорилгоор буюу PCR шинжилгээний 791.6 мянган сорьц цуглуулахад зориулан 4 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн байгууллагад, 889.1 мянган сорьцын шинжилгээнд зориулан 44.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн байгууллагад, хэвтүүлэн эмчлэх 363.1 мянган тохиолдолд 509.6 тэрбум төгрөгийг, бүх хэвшлийн эмнэлэгт 8.1 сая тохиолдол 680.4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагад олгосон байна. Уг санхүүжилтийг эх үүсвэрээр нь авч үзвэл Засгийн газрын нөөц сангаас 34 тэрбум төгрөг. Эрүүл мэндийн сайдын багц буюу Улсын төсвөөс 55 тэрбум төгрөг, Монгол Улсын Засгийн газар буюу Улсын төсвөөс 264 тэрбум төгрөг, Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн хандиваар 4.5 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас 322.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

           Цар тахлын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулан эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад 121.9 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг эх үүсвэрээр нь ангилан харуулахад улсын төсвийн санхүүжилтээр 14.4 тэрбум төгрөг, Засгийн газрын нэмэлт санхүүжилтээр 2.6 тэрбум төгрөг, Улсын Онцгой комиссоос 0.45 тэрбум төгрөг, Олон улсын байгууллагын зээл, хандив тусламжаар 102.7 тэрбум төгрөг, иргэд, аж ахуйн нэгжийн хандив тусламжаар 1.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Үүнээс онцлох хөрөнгө оруулалтыг дурдвал Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах 6.7 тэрбум төгрөг, вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж 5.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр 14.9 тэрбум төгрөг, Молекул биологийн лаборатори орон даяар нэвтрүүлэхэд 5.9 тэрбум төгрөг тус тус зарцуулсан. Эрүүл мэндийн тусламж тэгш хүртээмжтэй байх зарчмыг баримтлан эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах ажлын хүрээнд амьсгалын аппаратын хангалт, хүчилтөрөгч өтгөрүүлэгч экмо 3 ширхэг, уушги хянах аппарат өндөр урсгалд хүчилтөрөгчөөр амьсгалуулах төхөөрөмж, 21 аймгийн хүчилтөрөгч үйлдвэр байгуулах зэрэгт зарцуулсан байна. Эрүүл мэндийн тусламж тэгш хүртээмжтэй байх зарчмыг баримтлан эмнэлгийн тоног төхөөрөмжийн ба оношилгооны хангалтыг сайжруулах ажлын хүрээнд Си Ти дижитал рентген, Эхо амьсгалын аппарат, Пи Си Ар лабораторийн тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн байгууллагыг хангахад анхаарч ажилласан. Ковид 19 халдварын цар тахлаас дараах сургамжийг бид бас авч байгаа гэж бол үзэж байна. Өвөрмөц сонгомол эмчилгээ байхгүй. Бүх улс орон халдварын нөхцөл байдал, судалгаа шинжилгээнд үндэслэн тандалт, оношилгоо, эмчилгээний тактик, халдварын сэргийлэлт, хариу арга хэмжээн зохион байгуулалтыг өөрчилж хэрэгжүүлж байсан.

           Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг зохицуулах хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлага үүссэн. Эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцлөх агуулах бэлэн болсон ч худалдан авах эрх зүйн зохицуулалт бүрдээгүй байсан. Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж буюу хувийн хэвшлийн байгууллагаас бүрэн хамааралтай байсан. Өвчний хяналт, сэргээлтийн төв байгуулах шаардлагатайг харуулсан. Дараагийн цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах шаардлагатай эрсдэлийн санг бий болгох шаардлагатай нь харагдсан гэж бол үзэж байна. Ковид 19 халдварын цар тахлыг даван туулахад дан ганц эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлсэн хөл хорио хязгаарлалтын арга хэмжээ, эрсдэлийн харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаснаар 10 сарын хугацаанд дотоодын халдвар гаргаагүй, дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш 3 сарын дараагаас эхлэн хүн амаа вакцинжуулж эхэлсэн. Нөхцөл байдал өөрчлөгдөх, бүр салбар хоорондын хамтарсан эрсдэлийн үнэлгээг 28 удаа хийж, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлснээр ковид 19 халдвараар 20-40 мянган хүн нас барах магадлалтай байсныг 2,136 буюу 93 хувиар бууруулж хохирол багатай даван туулсан гэсэн ийм бас дүгнэлт хийж байгаа болно.