Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
"Цар тахлын хууль"-ийн хэрэгжилтийн талаарх Шадар сайдын мэдээлэл
2023-10-11

УИХ-аас байгуулсан КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ САР ТУТАМ НЭЭЛТТЭЙГЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХЯНАЛТ ТАВИХ ШААРДЛАГАТАЙ БОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ, САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ түр хорооны 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ өдрийн хуралдааны тэмдэглэлийн хэсгээс танилцуулж байна. 

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хуулийн биелэлтийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тус хуралдаанд танилцуулсан байна. Түүний танилцуулгыг хүргэж байна.  

С.Амарсайхан: Коронавирусын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тойм мэдээллийг та бүхэндээ товчхон хүргэе. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дэлийн эрүүл мэндийн байгууллага Коронавирусын халдварыг олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц бас өвчин гэж зарласан. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр цар тахал болсныг зарласныг та бүхэн минь мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар буюу 01 дүгээр сарын 17-ны энэ өдрийн байдлаар уг халдварын 671 сая тохиолдол бүртгэгдэж, 6.7 сая хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Манай улсад 1 сая батлагдсан тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 2,136 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Энэ дашрамд бас цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ гэр бүл, ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тодорхой үр дүнд хүрэхэд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо нэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг үүнд зориуд тэмдэглэн хэлье. Жишээ нь дэглэм сахих, ялангуяа хэд хэдэн удаагийн хөл хорио тогтоох үед, мөн вакцинд идэвхтэй хамрагдсан гэх мэт иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо өндөр байсан.  Цар тахлаас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн.

       Цар тахлын эхэн үед уг өвчний талаарх мэдээлэл хомс, эмчилгээ оношилгоо тодорхойгүй, вакцин гараагүй үед Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийтдээ 18 удаа хугацаа сунгаж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг нийт 79 хоног хязгаарлан холбогдох арга хэмжээг авч ажилласан. Цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл, аж ахуйн нэгж, иргэдэд тулгамдсан хүндрэлүүд даамжрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг тухай бүр авч хэрэгжүүлсэн. Энэ слайд дээр бас мэдээллүүд товчхон байгаа учраас та бүхэн хараарай.

      Халдварын тархалтын үе шатыг үнэлэх шалгуур үзүүлэлтэд тулгуурлан тохиолдолд суурилсан, ойрын хавьтлын өндөр эрсдэлтэй албан байгууллагуудад суурилсан хүн амд суурилсан хаалттай орчинд бүртгэгдсэн кластерын мөн хилийн нэвтрэх цэгийн зэрэг идэвхтэй тандалт судалгааг тухай бүр зохион байгуулж, холбогдох байгууллагууд ажилласан. Халдварын тархалт нэмэгдэх үед Халдварт өвчин судлалын үндэсний төвд төвлөрч байсан тандалтын багийг өргөжүүлж Нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад чиглүүлэгчээр тарааж, мөн орон нутагт ч мөн адил зохион байгуулалттай ажиллуулсан. Хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах хөдөлгөөнт тандалтын багуудыг 24 цагийн турш дүүрэг бүрд ажиллуулсан.

    Эрүүл мэндийн салбар Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах коронавируст халдварыг дотооддоо алдахгүй байх, хохирол багатай даван туулах зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажилласан. Халдварын тархалтын оргил үед өдөртөө 21 мянга 770 түр орыг дэлгэн ажиллуулж байлаа. Энэ үзүүлэлт тухайн үед дэлхийн бусад улс орны хамгийн бага хэвтэн эмчлүүлэлтэй орноос 244 дахин их, хамгийн бага хэвтэн эмчлүүлэгчтэй улс орноос 3.7 дахин их байсан гэсэн ийм тооцоо байгаа.

     Монгол Улсад цар тахлын эсрэг дархлаажуулалтыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар гадаад харилцааны шугамаар болон Олон улсын байгууллага, хандивлагч орнуудын дэмжлэг оролцоотойгоор 4 төрлийн 8 сая 620 тун вакциныг татан авч хүн амыг вакцинжуулсан. Улсын хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар вакцины зорилт бүлгийн иргэдийн 89.6 хувь 1 дүгээр тунд, 85.7 хувь 2 дугаар тунд, 53.7 хувь 3 дугаар тунд, нийт хүн амын 69 хувь 1 дүгээр тунд, 66 хувь нь 2 дугаар тунд тус тус хамрагдсан байна.

       Төсвийн зарцуулалтын талаар товчхон мэдээлэл өгье. Засгийн газрын зүгээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьжиргаа, орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийн хүндрэлээс сэргийлж эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 2020-2021 онд ажлын байрыг хамгаалахад 1.4 их наяд, иргэдийн орлогыг хамгаалахад 2.6 их наяд, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 1.2 их наяд, Эдийн засгийг идэвхжүүлэхэд 4.4 их наяд буюу нийт 9.6 их наяд төгрөгийг зарцуулсан байна.  Ажлын байрыг хамгаалахад зарцуулсан 1.4 их наяд төгрөгийг задалбал даатгуулагч иргэний нийгмийн даатгалын шимтгэл, торгууль алдангиас чөлөөлөхөд 878.5 тэрбум, Аж ахуйн нэгжийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас болон торгууль алдангиас чөлөөлөхөд 270 тэрбум төгрөг, Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөхөд 209.4 тэрбум төгрөг, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжийн ажилтнуудад 3 сарын хугацаанд 44.1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

       Цар тахлын үед төрийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон түүнчлэн борлуулалтын орлого нь өмнөх жилийн мөн үеэс 50 болон түүнээс дээш хувиар буурсан боловч ажлын байрыг хадгалж үлдсэн аж ахуйн нэгжийн ажилтан бүрд сар бүр 200,000 төгрөг 3 сарын хугацаанд олгосон, өрхийн орлогыг нэмэгдүүлж, ажил олгогч ажилтныхаа ажлын байрыг хадгалахад тодорхой хувь нэмэр оруулсан гэж дүгнэж байна. Иргэдийн орлогыг хамгаалах чиглэлд нийтдээ 2.6 их наяд төгрөгийг задалж тайлагнавал хүүхдийн мөнгийг 100,000  болгон нэмэгдүүлэхэд 2 их наяд 167 тэрбум, халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 273.5 тэрбум, малчин айл өрхөд ноосны урамшуулал олгоход 174.9 тэрбум, хүнсний талоны үнийг дүнг нэмэгдүүлэхэд хорин тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулсан 1.2 их наяд түрүүн эрүүл мэндийн сайд үндсэндээ задаргааг нь бас маш тодорхой та бүхэнд танилцуулсан. Энэ арга хэмжээнүүдийн хүрээнд бас 1 их наяд төгрөгийг дархлаажуулалтын аянд хамгаалахад зарцуулснаас 1.2 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнээс 1 их наяд 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулан, дархлаажуулалтын аян 111.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Засгийн газрын нөөц сан болон Засаг даргын нөөц сангаас бэлэн байдлыг хангуулахад 39.9 тэрбум төгрөг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ашиглагдах хүнсний материалыг зорилтот бүлэгт тараахад 1.1 их наяд төгрөгийг тус тус зарцуулсан. Ийм дүнтэй байна.

Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхэд зарцуулсан 4.4 их наяд төгрөгийг задаргаагаар нь товчхон харуулбал төсвийн орлогын таслалыг гадаад эх үүсвэрээр нөхөж санхүүжүүлэхэд 2 их наяд 126 тэрбум төгрөг, цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын төлбөрийг чөлөөлөхөд 1 их наяд 36 тэрбум төгрөг, хатуу хөл хорионы үед иргэн бүрд 300,000 төгрөгийн дэмжлэг олгоход 997.9 тэрбум, хүнсний болон эм, эмнэлгийн хэрэгслийн, гаалийн албан татвар, импортын барааны нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөхөд 202.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Дээрх санхүүжилтийг үйл ажиллагааг нь зогссон аж ахуйн нэгжийн ажилтнуудад 3 сарын хугацаанд мөнгө олгох, аж ахуйн нэгжид ажиллагч болон сайн дураар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сарын хугацаанд чөлөөлөх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдэд болон насанд хүрэгчдэд олгох хүнсний талоны үнийг 2 дахин нэмэгдүүлэх. Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэх, эрчим хүч, тог ус, цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах, цар тахлын бүх нийтийн бэлэн байдлын үед иргэн бүрд 300,000 төгрөгийг нэг удаагийн дэмжлэг олгох, вакцины эхний тунд хамрагдсан иргэдэд 50,000 төгрөг олгох, аж ахуйн нэгжийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх зэрэг арга хэмжээнд зарцуулсан байна.

         Коронавируст  халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 167 дугаар тогтоолын дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1 их наяд 169.4 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж сар бүр 288,000 төгрөг болгох болсонтой холбогдуулан 83.2 тэрбум төгрөг, коронавируст халдварын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 410 дугаар тогтоолын дагуу тодорхой шаардлагыг хангасан айл өрхийн цахилгаан, эрчим хүчний зардлыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төр хариуцах болсонтой холбогдуулан 70.3 тэрбум төгрөгийн зардал тус тус 2022 онд гарсан байна. Эрүүл мэндийн салбарын хувьд 2022 онд ковидын халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд буюу эрүүл мэндийн сайдын багцын эрхлэх асуудлын хүрээнд 284 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангаас 27.8 тэрбум, нийт 311.8 тэрбум төгрөг зарцуулсан ийм үзүүлэлттэй байна.

        Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар та бүхэндээ товчхон танилцуулъя. Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн баг короновирус халдварын өвчлөл, нас баралтын таамаглалыг 7 хоног бүрээр урьдчилан тооцоолж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үндэслэлийг бий болгож Улсын онцгой комиссын үйл ажиллагаа Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ дашрамд бас эрдэмтэн судлаачид даа Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

        Яагаад гэвэл тэдний тооцоолол нь бодит байдалтай 14-21 хоногийн дотор 90 хувиар, 1-2 сарын хугацаанд 80-аас дээш хувиар тохирч байсан. Халдвар гарснаас хойших тоон мэдээлэлд үндэслэн халдварын тархалтын динамик урьдчилсан прогноз тооцоог Монгол Улсын нөхцөл байдалд тохируулан сайжруулсан загварын тусламжтайгаар тооцож Улсын онцгой комисс, Засгийн газарт багаар танилцуулдаг болсон. Энэ загвар нь дархлаажуулалт болон хөл хорио тогтоох нөлөөг загварт оруулж өгсөн. Засгийн газар ямар нэг шийдвэр гаргахаас өмнө хариу арга хэмжээний үр дүнг, үр нөлөөг тооцдог боломжийг олгосон. Эрдэмтдийн багийн тооцооллоор 4 удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосноор хүн амыг вакцинжуулж дуустал хүн амын дунд коронавируст халдвар өргөн тархаагүй бөгөөд нас баралт 20-40 мянган хүрэх эрсдэлийг 2,100 хүртэл буюу 90 хувиар бууруулахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн багийн тооцооллоор хэрвээ ямар нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, вакцинжуулалтыг богино хугацаанд идэвхтэй хийж иргэдээ хамруулаагүй бол 2.3 сая хүн халдвар авч 20- 40 мянган хүн хамгийн багадаа нас барах эрсдэлтэй байсан гэсэн ийм тооцоолол байсан. Нийт батлагдсан тохиолдолд дунд нас баралт эзлэх хувь дэлхийд 1 хувь, Номхон далайн баруун бүсэд 0.29 хувь, Монголд 0.21 хувь байна. Цар тахлын нөлөөгөөр 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг үргэлжлэн уналттай гарахаас сэргийлж бас чадсан гэж дүгнэж байгаа юм. Хэрвээ иргэд аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалаагүй, дэмжих бодлого хэрэгжүүлээгүй бол 2021 оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт -2.4 хувьтай гарах тооцоо гарч байсан. Цар тахлын үед давхардсан тоогоор хувийн хэвшлийн 243 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болж, давхардсан тоогоор 661 мянган ажлын байрыг дэмжсэн гэж тооцож байна.

       Зарим төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг чөлөөлсөн нь хүнсний хангамжийг тогтворжуулах, хомсдол хамгийн гол нь бий болохоос урьдчилан сэргийлэх, үнийг аль болох бодит бус тогтворгүй байдал руу оруулахаас урьдчилан сэргийлсэн гэж үзэж байгаа.

      Цахилгаан, дулааны эрчим хүч, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэр нь айл өрх, аж ахуйн нэгжийн зардлыг бодитойгоор бууруулж, орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалахад чухал хувь нэмэр оруулсан. Аж ахуйн нэгж, иргэний импортолсон эм,  эмнэлгийн хэрэгслийг тодорхой хэмжээний татвараас чөлөөлөх арга хэмжээний үр дүнд дотоодод борлуулж байгаа нэн шаардлагатай эм, эмийн хэрэгслийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж борлуулалтын үнийг тогтворжуулах арга хэмжээг бас авсан. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021-2022 оны улсын төсвийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүчилтөрөгчийн 26 бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Түрүүн бас дурдагдсан. Ингэснээр 21 аймгийн нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд иргэддээ хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрүүдтэй болсон. Цар тахлын эхэн үед Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний лабораториудыг ашиглаж байсан бол 2020-2021 онд улсын хэмжээнд PCR шинжилгээний молекул биологийн 40 лаборатори, 51 PCR шинжилгээний 41 аппарат ашиглалтад оруулсан.

     Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулахад улсын хэмжээний хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 100 хувь нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Үүнд вакцин био бэлдмэлийн үндэсний төв агуулахын өргөтгөлд вакцин бэлдмэлийг аюулгүй хадгалах, тээвэрлэхэд хэрэглэгдэх хүйтэн хэлхээний иж бүрэн тоног төхөөрөмж 100 хувь хангагдсан нөхцөл байдлыг бий болгосон. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарын чадавх бэхжих тоног төхөөрөмжөөр өндөр хувьтай хангагдсан гэж үзэж байгаа. Мөн үе үеийн тухайн үеийн засгийн газрууд тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн,  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бас үе шаттайгаар нээсэн. Зохих арга хэмжээнүүдийг бас судалгаа, тооцоо шинжилгээ дээрээ үндэслэж авч хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа.

      Шадар сайдаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ерөнхий сайдын захирамжаар томилогдож 2 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 1 хаалга 1 шинжилгээг авах, мөн хөл хорио, хязгаарлалтыг тавих шийдвэрийг авч хэрэгжүүлснийг та бүхэн маань мэдэж байгаа. Энэ хүрээнд бас Улсын онцгой комиссын зүгээс хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилтийг хангаж байгаа холбогдох мэргэжлийн байгууллагууд Нийслэл, аймаг, орон нутгийн хэмжээнд аудитын гүйцэтгэлийн болон санхүүгийн хяналтыг тавих зохион байгуулалтыг хийсэн. Энэ хүрээнд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Шадар сайдын 772 дугаар албан бичгээр Монгол Улсын Их Хурлын даргад албан бичиг хүргүүлж, Ковидын 1 хаалга 1 шинжилгээнээс эхлээд тухайн цаг үеийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит оруулах хүсэлтийг тавьж аудит оруулж байсан. Мөн энэхүү тайланг тавихаас өмнө буюу өнгөрсөн оны 10 дугаар сард Засгийн газрын хуралдаанд Ковидын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан хөрөнгө мөнгө, санхүүжилтийн талаарх тайланг тавьж мөн Үндэсний аудитын үйл ажиллагааны хүрээнд аудит хийлгэж аудитлагдсан  мэдээ мэдээллийг олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаж Ерөнхий сайдаас ч бас үүрэг даалгавар өгсөн учраас энэ хүрээнд өнөөдрийн мэдээллийг хийж байна. Үндэсний аудитын газраас Ковид 19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Улсын онцгой комисс, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, дүүрэг, Өрхийн эрүүл мэндийн төвийг хамруулан хийсэн байна.

          Аудитын байгууллагаас Монгол Улсын Шадар сайдад 2 зөвлөмж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад 3 зөвлөмж, Сангийн сайдад 1 зөвлөмж, эрүүл мэндийн сайдад 7 зөвлөмж, Албан шаардлага 1 хүргүүлсэн байна. Тухайлбал цар тахалтай холбоотой гаргасан эрх зүйн актуудын хэрэгжилтийг үнэлж дүгнэх, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, уялдаа холбоог улам сайжруулах, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг боловсронгуй болгох, цахим бүртгэл, мэдээллийн сан, мэдээлэл солилцоог сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг худалдан авах, бүртгэж, тайлагнахтай холбогдох хууль журмыг бүрэн мөрдөх Олон улсын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандив, хөрөнгийн  тайлагнал, ил тод байдлыг хангах зэрэг зөвлөмжийг ирүүлсэн байна.