Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Цар тахлын үеийн төсвийг хэлэлцэх сонсголыг хойшлуулна гэв
2023-10-23

         УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос цар тахлын үеийн төсөв зарцуулалтын асуудлаарх нээлттэй сонсголыг Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд өнөөдөр 10.00 цагт хийхээр товлосон. Тодруулбал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийнэ.

        Сонсголд даргалагч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Жавхлан, Н.Ганибал, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Б.Энхбаяр, төрийн холбогдох байгууллагуудын албан хаагчид болон бүртгүүлсэн 63 иргэн оролцохоор иржээ.            

       Нээлттэй сонсголыг даргалагч О.Цогтгэрэл "Цар тахлын үед зарцуулсан төсөв, хөрөнгө 10, 20 их наядаар хэмжигдэж байгаа тул шинжээч томилуулах саналыг ажлын хэсгээс Эдийн засгийн байнгын хороонд тавьсан...Гэтэл шинжээчгүйгээр энэ асуудлыг хэлэлцэх боллоо. Маш их хэмжээний мөнгө үрсэн байж болзошгүй. Би зах зухаас нь л ярьж байна" гэв. Тиймээс тус сонсголыг хойшлуулахаа тэрбээр мэдэгдэв. Үүний дараа байнгын хорооны гишүүд саналаа хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг улсжөржүүлэхгүйгээр асуудлыг хуулийнх нь хүрээнд явуулах ёстойг хэллээ. Харин гишүүн Н.Ганибал "Энэ их хэмжээний мэдээллийг шинжээч томилж хэлэлцэхгүй бол үр дүнгүй болно. Төрийн байгууллагууд чадавхаа сайжруулах хэрэгтэй. Асуусан асуулт, албан бичигт зөв мэдээлэл, хариулт ирүүлмээр байна" гэв. 

        УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 32.1-т "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын, дэд хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцсоноор тухайн сонсголыг хүчинтэйд тооцно" гэж заасан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд дараах 18 гишүүн харьяалагддаг. Өөрөөр хэлбэл, багадаа 7 гишүүн сонсголд хүрэлцэн ирснээр эхлүүлэх боломжтой тул гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж, сонсгол эхлүүлэх хугацаа хойшилсон. Харин сонсголд оролцох ёстой гишүүдийн ирц бүрдсэн ч шинжээч томилоогүй үндэслэлээр хойшлуулах саналыг АН-ын бүлгээс гаргасан бөгөөд МАН-ын бүлгийн гишүүд үүнийг дэмжихгүй байр суурь илэрхийлж байна. 

  • Ц.Цэрэнпунцаг
  • Д.Батлут
  • Б.Баттөмөр
  • Ж.Бат-Эрдэнэ
  • Ж.Ганбаатар
  • Н.Ганибал
  • Х.Ганхуяг
  • Ц.Даваасүрэн
  • Т.Доржханд
  • Б.Жавхлан
  • Д.Өнөрболор
  • М.Оюунчимэг
  • Ч.Ундрам
  • Ч.Хүрэлбаатар
  • О.Цогтгэрэл
  • С.Чинзориг
  • Б.Энхбаяр
  • Т.Энхтүвшин 

Бэлтгэсэн: UIH.mn