Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Хамтарсан багт төрийн бус байгууллага, иргэдийг оруулах санал гаргалаа
2023-10-25

               УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой хяналтын сонсголыг өнөөдөр (2023.10.25 ) зохион байгууллаа. Хяналтын сонсголд Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс гадна холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллага, иргэд хуулийн этгээдийн төлөөлөл бүхий нийт 106 оролцогч бүртгүүлснээс нийт 85 оролцогч хүрэлцэн ирж оролцов.  

             Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул “Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд эхний илтгэлийг танилцуулав. Тэрбээр ”Монгол Улсын хувьд Хүүхэд хамгааллын тухай хуулиар Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцооны хууль эрх зүйн хүрээг анх удаа үндэсний, орон нутгийн, анхан шатны түвшинд тогтоож, хүүхэд хамгааллын асуудалд салбар бүрийн оролцоо, чиг үүргийг тодорхой хуульчилж хүүхэд хамгааллын өнөөгийн тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2016 онд батлагдан гарсан дээрх хуулиудаас хойш хүүхэд хамгааллын тогтолцоонд Хүүхдийн тусламжийн утас, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хүүхдийн эрхийн улсын байцаагч зэрэг олон үйлчилгээ үзүүлэгч талууд нэмэгдсэн нь сайшаалтай хэдий ч эдгээр талуудын хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, нэгдмэл байдал хангалтгүй байна” гэв. 

            Дараагийн илтгэгч Отгонтэнгэр их сургуулийн багш Р.Очирбал “Хүүхдийн эрхийн тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр илтгэлдээ "Манай улсад хүүхдийн тулгамдсан асуудлын нэгд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт багтаж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа 5 хүүхэд тутмын 3 нь 5-12 насны хүүхэд, мөн 5 хүүхэд тутмын 2 нь аюултай ажил эрхэлдэг.  Ийм ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн 31,7 хувь нь охид, 68,3 хувь нь хөвгүүд бөгөөд ихэнх нь хөдөө амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн сурч боловсрох, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрх ашиглалтын шаардлага хангахгүй,барилга, байгууламжаас эхлээд зөрчигдөж байгаа" талаар дурдаж байв. “Монгол Улс дахь Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан илтгэл танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав. Мөн оролцогчид саналаа илэрхийллээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлыг хууль эрх зүйн хувьд цогцоор нь авч үзэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, төсөвлөгдсөн хөрөнгийг оновчтой, зөв зүйтэй зарцуулах, хяналт тавих, боловсон хүчний асуудалд анхаарах зэрэг асуудлуудыг оролцогчид хөндөж байв. Хяналтын сонсголын үеэр гарсан саналуудыг нэгтгэн Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай зэрэг хуулиудад тусгах ажлуудыг хийнэ гэж сонсгол даргалагч Ц.Мөнхцэцэг онцоллоо. 

 

Бэлтгэсэн: Б.Уянга