Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Нотлох баримтын сонсголын үеэр регистрийн дугаарын мэдээллийг нууцалсангүй
2023-12-18

              Нүүрсний асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ. Тус сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, нүүрс тээврийн “С” зөвшөөрөлтэй холбоотой асуудал, гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга, албан хаагчдын мэдээллийг шууд дамжуулалтын дүрс бичлэгт танилцуулах үеэр тухайн албан хаагчдын регистрийн дугаарын мэдээллийг ил бичсэн байв. Мөн шинжээчийн дүгнэлтэд “ҮСХ-ны дарга Б.Батдаваа, түүний хамаарал бүхий хуулийн этгээдийн нэр дээр 1 сая гаруй тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй хилээр нэвтэрсэн” гэх мэдээлэл танилцуулсан. Үүнтэй холбогдуулан танилцуулсан компанийн удирдлагуудын мэдээллийг хэлэхдээ хүмүүсийн регистрийн дугаарын мэдээллийг бичсэн нь дэлгэцэд харагдаж байв.     

         УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 45.3-т “Сонсголыг доор дурдсанаас бусад тохиолдолд нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна” гээд “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудал, гэрч, эсхүл гуравдагч этгээдийн хувийн амьдралтай холбоотой бөгөөд олон нийтэд мэдээлбэл түүний хууль ёсны ашиг сонирхлыг хохироох үйл баримт, олон нийтэд мэдээлбэл Монгол Улсын язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах асуудал”-ыг заасан байдаг. Мөн Нийтийн сонсголын тухай хуулийн 6.3-т “Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т “Хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ” хуульчилсан.   

          Нотлох баримтын сонсголын үеэр шууд дамжуулалтын дүрс бичлэгт хувь хүнтэй холбоотой мэдээлэл танилцуулахдаа регистрийн дугаар, хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг далдлах, бүрсгийлгэх байдлаар мэлээлэх нь зүйтэй.  

 

Бэлтгэсэн: Uih.mn