
Нэгдүгээрт: Хийсэн ажлаа шууд УИХ-д тайлагнадаг, Засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж ажилладаг бие даасан онцгой статустай найман байгууллагын удирдлагыг томилохдоо нэр дэвшигчийн томилгооны сонсгол зохион байгуулдаг. Иймээс дараах байгууллагуудын дарга болон гишүүдийг нь тухайн албан тушаалын шаардлага, шалгуурт нийцэх эсэхийг олон нийтийн өмнө, нээлттэй байдлаар сонгон шалгаруулж, томилдог хууль журамтай.
Хоёрдугаарт: Дээрх найман байгууллагаас гадна Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний албан тушаалд томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулахаар хуульчилсан.
Томилгооны сонсгол нь нэр дэвшигчийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ биш. Харин тухайн хүний боловсрол, туршлага, ёс зүй нь горилж буй албан тушаалын шаардлагыг хангасан эсэхийг хэлэлцэж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж буй хэлбэр юм.