
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Ариунболд: Төрийн тусгай албанд 34 жил ажиллах хугацаанд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмрээ оруулан хуримтлуулсан туршлага, мэдлэг, ур чадвар нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад холбогдох хууль тогтоомж болон сонгуулийн хууль тогтоомжуудыг хууль дээдлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Тухайн албан тушаалд томилогдвол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заагдсан Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, сонгуультай холбогдсон үзэл баримтлалын заалтуудын хэрэгжилтийг хангуулах, хяналт, дүн шинжилгээ хийх чадавхыг сайжруулахад анхаарна гэлээ. Мөн сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд санаачилгатай ажиллаж, сонгуулийг ил тод, шударга, хууль дээдлэх зарчмыг баримтлан явуулахад нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа сонгуулийн автоматжуулсан систем, түүний тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд анхаарал тавьж ажиллана хэмээсэн. Түүнчлэн орчин үеийн технологийн дэвшлийг сонгуулийн эрх зүйн орчинтой уялдуулан нэвтрүүлэх, түүгээр дамжуулан сонгуульд бүх иргэдийн оролцоог бүрэн хангуулах зорилгоор иргэдийн сонгууль өгөх төрөл, хэлбэрийг өргөжүүлэх, сонгох, сонгогдох эрхийг хангахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллана гэдгээ илэрхийллээ.