
Нэр дэвшигч Ж.Болд Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, ил тод, шударга байх зарчмыг баримтлан ажиллана хэмээсэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангаж, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд үнэн зөв, шударга зохион байгуулах нь сонгуулийн төв байгууллагын үндсэн зорилт гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ сонгуулийн хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтийг хангах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хяналтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэлээ. Мөн сонгуулийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, иргэдэд үнэн зөв, шуурхай мэдээлэл хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, сонгуулийн зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шуурхай шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэж байлаа. Хууль дээдлэх, шударга, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллаж, Монгол Улсад ардчилсан сонгуулийн тогтолцоог бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна хэмээсэн юм.