
Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх бол ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, институцийн хараат бус байдал, тогтвортой хөгжлийг хангах, олон улсын сайн туршлага, стандартыг нэвтрүүлэх, сонгогч төвтэй үйл ажиллагааг төлөвшүүлэх, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллах болно. Ардчиллын чанар нь зөвхөн сонгуулийн үр дүнгээр бус, харин сонгуулийг зохион байгуулж буй байгууллагын шударга байдал, чадавх, хараат бус байдал, олон нийтийн итгэлцлээр хэмжигддэг. Иймээс эдгээр үнэт зүйлсийг бэхжүүлэх нь миний үйл ажиллагааны тэргүүлэх зорилт байх болно. Мөн Монголын ард түмний хөгжин дэвжих хүсэл тэмүүлэл, ардчилсан хөгжлийн үнэт зүйлсийг бататгах үйл хэрэгт өөрийн мэдлэг, туршлагаа зориулж, Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, институцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнд нэр дэвшүүлж буй байгууллагынхаа итгэл найдвар, хүлээлгэсэн хариуцлагыг бүрэн ухамсарлаж, төрийн албаны ёс зүй, хараат бус байдал, мэргэжлийн зарчмыг эрхэмлэн ажиллах болно хэмээн танилцуулсан.