Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Энхболдын Анарыг томилохыг дэмжлээ
2026-07-01

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.07.01) 53.1 хувийн ирц бүрдсэнээр хуралдаж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ. (Сонсголын талаарх мэдээллийг эндээс)

Тус байнгын хорооноос энэ сарын 30-нд зохион байгуулсан сонсголд оролцогч, ажиглагчаар нийт 16 иргэн бүртгүүлж, 27 гишүүн оролцсон. Иргэн Л.Амар, Д.Баасандорж, М.Будбазар, О.Галцог, Б.Зоригтбаяр, Г.Хонгор, Г.Эрдэнэмөнх нар нэр дэвшигчээс асууж, хариулт авсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, сонсголын тайланг гаргасан гэж УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. Тайланг хэлэлцэх үед, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг өргөн мэдүүлсэнээ илтгэсэн юм. (Нэр дэвшигчийн намтрыг эндээс)

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, Г.Очирбат, М.Мандхай нар асууж, үг хэллээ. Гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч болон нэр дэвшигч хариулахдаа, төв банкнаас явуулж буй мөнгөний бодлого, хяналт, шалгалтын үр дүнг ирүүлэх зэрэг асуудлыг хөндсөн юм. Ийн хэлэлцээд, Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид томилуулах талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Уг асуудлаар Эдийн засгийн байнгын хороо санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.