
Төрийн өндөр албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголд иргэд оролцож санал хэлэх, асуулт асуух, мэдээлэл өгөх, сонсголыг ажиглах боломжтой. Үүнийг УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль болон УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журмаар зохицуулж байна.
Журамд сонсголыг хууль, журамд заасны дагуу зохион байгуулагдаж байгаад хяналт тавих хүсэлт гаргасан иргэнийг ажиглагч гэнэ. Ажиглагч нь нэр дэвшигч болон бусад оролцогчоос асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй гэж заасан байна. Харин сонсголд холбогдох асуудлаар мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, нэр дэвшигчийн талаар саналтай иргэн, хэвлэл мэдээллийн төлөөллийг сонсголд заавал оролцуулна гэж заасан. Хаврын чуулганы томилгооны үйл явцаас харахад оролцогчдын хувьд урьдчилан илгээсэн агуулгын дагуу асуулт асуух боломжийг олгож байна. Гэхдээ сонсголын үеэр хүссэн асуултаа асуух боломжгүй.
ТОМИЛГООНЫ СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Сонсголд оролцогч, ажиглагчийн тоог Байнгын хороо тогтоож, оролцогчдыг тэнцвэртэй оролцуулахаар журамласан. Оролцогч нь нэр дэвшигчийг дэмжих, эсхүл дэмжихгүй талаар санал, мэдээлэл, асуултаа бичгээр гаргаж өгөх эрхтэй бөгөөд энэ нь сонсголд оролцож үг хэлэхэд саад болохгүй. Мөн бүртгүүлэх хүсэлтийг цахимаар, эсхүл шуудангийн хаягаар илгээж болох бөгөөд Байнгын хороо хүсэлтийг хүлээн авсан огноо, цаг, минутаар эрэмбэлэн бүртгэж, баталгаажуулна. Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд сонсголд оролцох хүсэлтээ сонсгол зохион байгуулахаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө цахимаар, эсхүл шуудангийн хаягаар Байнгын хороонд ирүүлнэ гэж журамласан байна.