
Томилгооны сонсгол хэзээ, хаана болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод мэдээлж, олон нийтийн оролцоог хангах нь чухал. Нийтийн сонсголын тухай хуульд сонсгол зохион байгуулагч сонсголын товыг тогтоохоор заасан. Харин товыг тогтоосны дараа зайлшгүй хойшлуулах шаардлага гарвал анх нийтэд зарласан арга хэрэгслээр дахин зарлахаар хуульчилсан байна.
Нийтийн сонсголын тухай хууль
21.1.Сонсголын товыг олон нийтийн телевиз, радио болон сонсгол зохион байгуулагчийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 18.7-д заасан журмаар тогтоосон давтамж, арга хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.
Тэгвэл томилгооны сонсгол зохион байгуулах журамд нэр дэвшүүлэх тухай эрх бүхий байгууллагын санал болон нэр дэвших тухай хүсэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, холбогдох бусад баримт бичгийг Байнгын хороо хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулах бөгөөд хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг нийтлэхгүй гэж заасан. Ингээд энэ заалттай уялдуулан сонсголын товыг тогтоохоор журамлажээ.
Томилгооны сонсгол зохион байгуулах журам
6.2.Энэ журмын 6.1-д заасан мэдээллийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулснаас хойш ажлын таван өдрийн дотор Байнгын хорооны хуралдаанаар томилгооны сонсголын товыг тогтооно.
Ингээд дараа нь сонсголын тов болон дараах мэдээллийг УИХ-ын албан ёсны цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх хуультай. Энэ мэдээлэлд дараах агуулгыг заавал тусгах ёстой.