Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Томилгоо: Хараат бус шинжээчийг хэн томилдог вэ?
2026-10-15

Нэр дэвшигчийн томилгооны сонсголд хараат бус шинжээч томилж, ажиллуулах хууль эрх зүйн зохицуулалт бий. Гэвч өнгөрсөн хаврын чуулганы томилгооны сонсголуудад ямар ч шинжээч оролцуулаагүй. Өөрөөр хэлбэл энэ хуулийн заалтыг огт ашиглахгүй байгаа юм.

Хараат бус шинжээч томилсноор тухайн нэр дэвшигчийн мэргэжлийн ур чадвар, туршлага, ашиг сонирхол зэргийг үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Сонсгол зөвхөн гишүүдийн асуулт, нэр дэвшигчийн тайлбар, оролцогчийн урьдчилан илгээсэн асуултаар хязгаарлагдахгүйгээр шинжээчийн дүгнэлтэд үндэслэн илүү баримт нотолгоонд суурилсан, үр дүнтэй сонсгол зохион байгуулах боломжтой.

Нийтийн сонсголын тухай хуулийн 23 дугаар зүйлд сонсголд шинжээч, орчуулагч, хэлмэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж оролцуулахаар заасан. Мэдэгдэх хуудсанд сонсголын сэдэв, тов зэрэг мэдээллийг тусгана.

Нийтийн сонсголын тухай хууль

23.4.Мэргэжлийн шинжээч хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголд хүрэлцэн ирж тайлбар өгөх боломжгүй, эсхүл хэт өндөр зардлаар ирэх тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг бичгээр, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гаргаж болно.

Харин томилгооны сонсгол зохион байгуулах журамд байнгын хорооны гишүүдийн санал хураалтаар шинжээч томилохоор заасан байна.

Томилгооны сонсгол зохион байгуулах журам

5.2.Байнгын хороо нь нэр дэвшигчийн мэргэшил, чадварын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус нэг, эсхүл хэд хэдэн шинжээч /цаашид "хараат бус шинжээч" гэх/-ийг Байнгын хорооны нийт гишүүний гуравны хоёрын саналаар томилно.

Тус журамд зааснаар шинжээч нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • 5.3.1.нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах;
  • 5.3.2.нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах;
  • 5.3.3.нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй тайлан бичих;
  • 5.3.4.нэр дэвшигчийн талаарх дэлгэрэнгүй тайланг сонсголд болон Байнгын хорооны хуралдаанд танилцуулах.

Холбогдох бусад баримт бичгийг гишүүд болон хараат бус шинжээчид цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх ажлыг Байнгын хороо хариуцан зохион байгуулна гэж заасан байна.