
Томилгооны сонсголын тэмдэглэл хуулийн дагуу нээлттэй байх ёстой. Тухайн хуралдаанд юу хэлэлцсэн, хэн оролцсон, ямар асуудал ярилцсаныг тэмдэглэлээс нь танилцаж, мэдэх боломжтой байх нь чухал.
Нийтийн сонсголын тухай хууль
19.2.Сонсгол дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд сонсгол даргалагч гарын үсэг зурна.
19.3.Хаалттай зохион байгуулснаас бусад сонсголын тэмдэглэл нээлттэй байх бөгөөд уг тэмдэглэлийг тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсанд байрлуулна.
Энэ нь нийтийн сонсголын тухай хуулийн ерөнхий зохицуулалт юм. Харин нэр дэвшигчийн сонсголын тэмдэглэлийг хэрхэн олон нийтэд нээлттэй мэдээлэхийг томилгооны сонсгол зохион байгуулах журамд тодорхой тусгасан байна.
Томилгооны сонсгол зохион байгуулах журам
14.1.Улсын Их Хурлын Тамгын газар сонсголын дууны бичлэгийг ажлын хоёр өдрийн дотор, тэмдэглэлийг ажлын таван өдрийн дотор бэлтгэж, сонсгол даргалагч гарын үсэг зурж баталгаажуулан байгууллагын албан ёсны цахим хуудаст ажлын тав хоногийн дотор байршуулна.
Сонсголын тэмдэглэлд сонсголыг зохион байгуулсан огноо, байрлал, эхэлсэн дууссан цаг, сонсгол даргалагч, оролцогчдын овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, сонсголын ирц болон оролцогчид эрх, үүргийг тайлбарласан байдал, оролцогчийн тайлбар, баримтыг шинжилсэн талаар бичнэ. Харин хуулиар хамгаалагдсан хувийн нууц мэдээллийг нийтэд дэлгэх ёсгүй гэж журамласан байна.