
Томилгооны сонсгол болж, нэр дэвшигч асуултад хариулснаар албан тушаалд томилогдсон гэсэн үг биш. Сонсгол бол нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлага, ашиг сонирхол зэргийг нягтлан хэлэлцэх үйл явц юм. Харин эцсийн томилгооны шийдвэр нь холбогдох хууль, журмын дагуу УИХ-ын нэгдсэн чуулганы санал хураалтаар шийдэгдэнэ.
Томилгооны сонсголын тайланг тухайн байнгын хороо нь хаалттай хуралдаж хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар томилгоог хэлэлцүүлдэг хуультай. Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно. Томилогдох нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол эрх бүхий албан тушаалтан өөр хүнийг нэр дэвшүүлэхээр санал болгох бөгөөд чөлөөлөх саналыг дэмжээгүй бол уг саналыг дахин оруулж болно гэж хуульчилсан байна.