Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Томилгооны сонсголын дэг
2026-10-16

Юун түрүүнд сонсгол даргалагч сонсголын зорилго, сонсгол зарласан огноо, оролцогч, ажиглагчдын тоо, сонсголд дуудагдсан албан тушаалтан, холбогдох этгээд, шинжээч, тайлбар хийх хүний нэр, сонсголын дэгийг 10 минутад багтаан танилцуулах журамтай. Дараа нь нэр дэвшигч нь 20 минутад багтаан тухайн албан тушаалд томилогдвол хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулна.

Хэрэв сонсголд журмын дагуу хараат бус шинжээч томилсон бол дүгнэлтээ 20 минутад багтаан танилцуулах боломжтой. Ингээд нэр дэвшигч болон хараат бус шинжээчээс асуулт асуух Байнгын хорооны гишүүдийн дарааллыг сонсгол даргалагч тогтооно. Дарааллыг тогтоохдоо олонх болон цөөнхийн төлөөлөл тэнцвэртэй асуух зарчим баримтлах ёстой.

Байнгын хорооны гишүүний асуулт асуух хугацаа 4 минут байх бөгөөд 4 хүртэл удаа нэмэлт асуулт асуух эрхтэй. Хариулт хангалтгүй гэж үзвэл нэмэлт хугацаа олгох эсэхийг сонсгол даргалагч шийдвэрлэнэ. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууссаны дараа сонсголд оролцогчдын зүгээс нэр дэвшигчээс асуулт асууна. Оролцогчийн асуулт асуух хугацаа 4 минут байх бөгөөд 1 удаа нэмэлт асуулт асуух эрхтэй. Мөн урьдчилсан ирүүлсэн асуулт, саналыг сонсгол даргалагч танилцуулж нэр дэвшигчээс хариулт авна. 

Байнгын хорооны гишүүд болон оролцогчид нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууссаны дараа нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх боломжтой. Сонсголд оролцогчийн үг хэлэх хугацаа 5 минут байна. Шаардлагатай тохиолдолд нэмэлт цаг сунгах асуудлыг хуралдаан даргалагч шийдвэрлэнэ. Сонсголд үг хэлэхдээ нэр дэвшигчийг дэмжсэн болон эсрэг саналтай оролцогчийн үгийг тэнцвэртэй сонсох зарчим баримтлахаар журамлажээ.