Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Томилгооны сонсголын тайлан гаргах
2026-10-16

Сонсголыг зохион байгуулснаас хойш ажлын нэг өдрийн дотор сонсголд оролцсон байнгын хорооны гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан, эсхүл хангаагүй талаарх дүгнэлтийг цуглуулсан баримт, мэдээлэл, сонсголын дүнд үндэслэн олонхын саналаар шийдвэрлэж сонсголын тайланд тусгана. Сонсголд оролцсон гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцох бөгөөд зөвхөн сонсголд оролцсон байнгын хорооны гишүүд тайланг хэлэлцэж санал хураалтад оролцох эрхтэй.

Ингээд сонсголын тайланг ажлын таван өдрийн дотор байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Хуралдаанд өмнөх сонсголд оролцоогүй гишүүн оролцож болох ч саналын эрхгүй байна. Тайлан нь нэр дэвшигч шаардлага хангасан эсэх тухай дүгнэлт, түүний үндэслэлийг агуулсан байх бөгөөд тайланд нэр дэвшигчийн танилцуулга, нэр дэвших тухай хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг хавсаргадаг. Сонсголын явцад ил болсон асуудал, түүнийг шийдвэрлэх зөвлөмж, эсхүл бусад асуудлын талаар сонсголын тайланд тусгаж болно.

Сонсголын тайланг нийтлэх өдрөөс ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө нэр дэвшигч болон түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлж, ажлын таван өдрийн дотор сонсголын тайланг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэхээр заасан байна. Эцэст нь сонсголын тайланг Улсын Их Хурлын бүх гишүүнд хүргүүлэх бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.