Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хойшлуулав
2022-05-03

             Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр зохион байгуулахаар товлосон. Сонсголыг Төрийн ордны "Жанжин Сүхбаатар" танхимд 10.00 цагт эхлүүлэх ёстой байв. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг болон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, сонгон шалгаруулах ажлын хэсгийн нэг гишүүн, сонсголд ажиглагч, оролцогчоор бүртгүүлсэн гурван хүн цагтаа ирсэн. Харин Хууль зүйн байнгын хорооны гишүүд ирэхгүй, ирц нь бүрдэхийг 11.45 цаг хүртэл хүлээсний эцэст сонсголыг маргааш болгож хойшлуулав. 

                    Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Хууль зүйн байнгын хорооны гурван гишүүн орон нутагт томилолттой, гурав нь хэлэлцүүлэг, хуралд давхар оролцож буй учир ирэх боломжгүй болсон"-ыг хэлсэн. 

              ХЭҮК нь таван гишүүнтэй. Өнгөрсөн хаврын чуулганаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аас баталснаар хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн нэг гишүүнийг ХЭҮК-т нэмж ажиллуулахаар болсон. Үүнээс гадна тус комиссын дэргэд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бүрдүүлэх зорилгоор эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн нэг гишүүнийг хараат бусаар ажиллуулах хуультай. Үүний дагуу ХЭҮК-ын нэг болон тус комиссын дэргэд ажиллах мөн тооны гишүүний сонгон шалгаруулалтын зарыг өнгөрсөн арванхоёрдугаар сард нийтэд хүргэж, нэгдүгээр сарын 15 хүртэл материал хүлээн авсан. 

                 ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор Т.СаруулС.Дондов нар материалаа ирүүлсэн. Харин эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнийн шалгаруулалтад Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар оролцохоор бүртгүүлжээ. Тэдний дунд томилгооны сонсголыг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд хийсэн. 

                    Сонгон шалгаруулах үүрэгтэй ажлын хэсэг есөн гишүүнтэй. Үүнээс С.Дондов ес, Я.Цэлмэн зургаан хүний саналыг авснаар дээрх албан тушаалд нэрийг нь дэвшүүлжээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар тус хоёр нэр дэвшигчийн сонсголыг хийнэ. Харин УИХ-ын чуулганы пүрэв, баасан гаргийн хуралдаанаар тэднийг томилох, эсэхийг эцэслэн шийдэхээр товложээ. 

                      ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахлуулан байгуулсан. Харин гишүүнээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан нар ажилладаг.