Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
19 оролцогчийн дунд нээлттэй сонсгол зохион байгууллаа
2020-06-11

 

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсголыг зургадугаар сарын 10, 11-нд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

 

Сонсголыг нээж, даргалагч М.Үнэнбатын хэлсэн үг: Монгол Улсад ХЭҮК-ыг байгуулаад 20 жил өнгөрчээ. Тус комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 илтгэлээр дамжуулан 400 гаруй санал боловсруулж, УИХ-д ирүүлсэн байдаг. Эдгээр илтгэлд дурдсанаар хүний эрхийн зөрчлийн асуудлыг холбогдох байгууллагуудад хүргүүлдэг ч хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй, эсхүл шийдвэрлэсэн дүр үзүүлж өнгөрөөдөг, буруутай албан хаагчдыг хаацайлдаг гэсэн дүгнэлтүүд гарсаар байсан аж. Энэ байдлыг арилгах үүднээс УИХ-аас ХЭҮК-ын тухай хуулийг шинэчлэн баталсан. Хүний эрхийг хамгаалах гол зохицуулалтуудыг уг хуульд оруулсан ч амьдралд бодитоор хэрэгжүүлэх үүрэг ХЭҮК-ын гишүүдэд оногддог. Иймд комиссын гишүүн өндөр хариуцлагатай, иргэдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллах ёстой.

 

Сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн: УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байна.  

            Тус ажлын хэсэг ХЭҮК-ын тухай хууль, ХЭҮК-ын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 2020 оны  дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдрийн хооронд тус сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтийг хүлээн авчээ. Товлосон хугацаанд нийт 24 нэр дэвших хүсэлтээ ажлын хэсэгт ирүүлжээ. Холбогдох хууль, журамд үндэслэн сонгон шалгаруулалтын оролцогчоор нэр бүхий 19 хүнийг бүртгэжээ. Харин тэдний 18 нь сонсголд оролцож, нэг нь буюу Г.Наранбаатар хүрэлцэн ирээгүй.

Сонсголд оролцогчид: Ажлын хэсгийн гишүүд, нэр дэвшигчид, 31 ажиглагч, 55 оролцогч иргэн.

Сонсголын дэг: Эхлээд нэр дэвшигч тус бүрээр танилцуулна. Хоёрдугаарт, нэр дэвшигчид өөрсдөө 10 минутад багтаан, нэрээ дэвшүүлэх болсон үндэслэл, хийх ажлынхаа талаар танилцуулна. Дараа нь ажлын хэсгийн гишүүд нэр дэвшигчдэд асуулт тавина. Хэрэв хариулт хангалтгүй гэж үзвэл хугацааг нэг удаа сунгаж болно. Үүний дараа сонсголд оролцогчид нэр дэвшигчдэд асуулт тавьж, хариулт авна. Сүүлд нь, шалгаруулалтад оролцогчид өөрсөдтэй нь холбоотой эерэг, сөрөг асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Уг дэгийн дагуу сонсголын явуулав.

 2020 оны зургадугаар сарын 10-нд Х.Мөнхзул, Г.Агар-Эрдэнэ, Б.Энхболд, З.ӨнөржаргалБ.Өнөрмаа, М.Гантулга, Т.Ихтамир, Б.Баттулга, Б.Нармандах, С.Энхцэцэг нар, мөн сарын 11-нд Ж.Хунан, Г.Нарантуяа, Д.Сүнжид, С.Энхбаяр, Ц.Адъяахишиг нар, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн Ш.Цогбаатар, П.Оюунчимэг, Д.Цэнд-Аюуш  нар хүрэлцэн ирж, Томилгооны сонсголын дэгд заасны дагуу тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулав. 

            Сонсголын үеэр түлхүү тавьсан асуулт: Хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийсэн онцлох ажлууд, томилогдвол юу хийх талаар болон Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, цаазын ял, уралдаанч хүүхдийн тухайд ямар байр суурьтай байдаг талаарх асуулт зонхилов.  

Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг сонсголд иргэд идэвхтэй оролцсон бөгөөд нэр дэвшигчийн анхны нээлттэй сонсгол гэдгээрээ онцлог. Сонсгол болсноос хойш таван сарын дараа ХЭҮК-ын гишүүнээр Г.Нарантуяа, Ч.Мөнхзул, Ж. Хунан, Д.Сүнжид, Б.Энхболд нар томилогдсон юм.