Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
“Нүүрсний асуудал”-аар зохион байгуулсан сонсголд 200 гаруй иргэн оролцлоо
2022-12-21

Жаг                 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр боллоо. УИХ хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд “нүүрсний хулгай”-н асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, олон нийтийн хяналтад оруулах замаар үр дүнд хүрэх шаардлагатай гэж үзэж, Т.Доржханд, С.Одонтуяа нарын есөн гишүүнээс “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудал”-аар ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг 2022 оны арван хоёрдугаар сарын 5-нд УИХ-ын даргад ирүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 18 дугаар тогтоолоороо ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчийг томилсон юм. Мөн нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах бэлтгэл хангах, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын 2022 оны 190 дүгээр захирамжаар байгуулсан.

 

            Ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл авах зорилгоор төрийн 18 байгууллагын удирдлага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа төрийн өмчит дөрвөн компани, хувийн өмчит 16 компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг сонсголд оролцуулахаар мэдэгдэл хүргүүлж дуудсан аж. Үүний дагуу 107 албан тушаалтан сонсголд оролцохоо мэдэгдсэн байна. Сонсгол явуулах сэдэв, сонсголын тов, оролцогчдын бүртгэлийн үйл ажиллагааны талаар 14 хоногийн турш олон нийтэд мэдээлсэн. Энэ хугацаанд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл болон иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, жагсагчид болон улс төрийн намын төлөөлөл болох 225 хүн ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлжээ. Түүнчлэн сонсголын үйл ажиллагааг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн 17 байгууллага хүсэлтээ ирүүлжээ. Парламентын сэтгүүлчид мөн сонсголын үйл ажиллагааг нээлттэйгээр сурвалжилж байгаа юм.

 

             Ерөнхий хяналтын сонсгол даргалагч С.Чинзориг дэгийг танилцуулсан бөгөөд оролцогчдын хүсэлтийн дагуу өөрчлөлт орууллаа. Тодруулбал, 5-6 иргэн санал хэлж, холбогдох хүмүүст асуулт тавьсны дараа УИХ-ын нэг гишүүн санал, байр сууриа илэрхийлэх байдлаар дарааллыг тогтоож, нэг хүнд 5 минут олгов. Ийнхүү ерөнхий хяналтын сонсгол эхэлж, дөрвөн сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудаас бэлтгэсэн үндсэн зургаан илтгэл, мэдээллийг сонсов.

 

Сангийн сайд Б.Жавхлан “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт болон нүүрсний салбараас төвлөрүүлсэн төсвийн орлого, нүүрсний үнийн зөрүүний талаарх мэдээлэл”-ийг танилцууллаа. Түүний танилцуулгад дурдсан онулох мэдээллийг хүргэе.

  • Монгол Улс 1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 298.4 сая тонн буюу 80 хувийг нь 2011 оноос өдийг хүртэл экспортолсон.
  • Нийт экспортолсон нүүрсний 90 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын алт МАК”, “Тавантолгой”, “Саусгоби”, “Моэнко”, “Чинхуа МАК Нарийн сухайт”, “Хангад эксплорэйшн” зэрэг 8 компани дангаараа экспортолсон.
  • 336 сая тонн нүүрс экспортлосон хугацаанд нийтдээ 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Үүний 43.5 их наяд төгрөгийг буюу 95 хувийг нь 2011 оноос одоо өнөөдрийг хүртэлх хугацаанд олсон.
  • Дээрх борлуулалтын орлогоос 10 их наяд төгрөгийн татвар авсан. Үүний 8.9 их наяд төгрөгийг татвар болгон төлсөн бол 1.7 их наяд төгрөгийг татварын өр болгон төлжээ.
  • Нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77 компани, нүүрс экспортолдог дамжуулдаг 372 компани санхүүгийн тайлан өгдөг.

Нүүрсний аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын хяналт шалгалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл танилцуулав. 2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаагийн татварын шалгалт хийж, 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьжээ. Мөн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвартай холбоотой нийт хяналт шалгалтын талаарх мэдээллийг  танилцуулав. 2018-2022 оны хооронд нийт 267 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 1.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 80 тэрбум төгрөгийн акт тавьсан бол одоо 18 аж ахуйн нэгжид шалгалт хийж байгаа аж.

               

Гаалийн байгууллага 2013-2018 онд хийсэн дотоод хяналт шалгалтынхаа явцад гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, 21 компани гэрээнд заасан хэмжээнээс 1 сая тонн нүүрс илүү экспортолсон бол 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолжээ. Мөн хугацаанд Гашуунсухайтын боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтайгаар “ачаагүй” гэсэн бүртгэлтэй гарсан зөрчлийг илрүүлсэн байна. 3785 тээврийн хэрэгслээр нийтдээ 379 мянган тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй, өөрөөр хэлбэл экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй зөрчлийг мөн илрүүлээд байгаа аж.

            “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас “Тавантолгой” ХК зөвшөөрөлгүйгээр 340.092 тонн нүүрсийг олборлож, ашигласан нь тогтоогдсон бөгөөд дээрх компаниуд энэ дүнг харилцан хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс 2022 оны арван нэгдүгээр сарын байдлаар нийт 69.4 мянган тонн нүүрсийг буцааж өгсөн бол 270.6 мянган тонн нүүрсний авлагатай байгааг сайд Б.Жавхлан онцлов.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улс хоорондын тээврийн “C” зөвшөөрөл олголт, гаалиар болон хилийн боомтоор нүүрс нэвтэрсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл” сэдвээр танилцууллаа. Түүний танилцуулгад дурдсан онцлох мэдээллийг хүргэе.

  • Монгол Улс, БНХАУ-тай 1991 онд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр” байгуулж, 2011 онд шинэчлэн баталсан. Энэхүү хэлэлцээрт хэлэлцэн тохирогч талууд нөгөө талынхаа нутаг дэвсгэрт нэвтрэх тээврийн хэрэгсэлд нөгөө талаас өгсөн зөвшөөрлийн бичиг олгон хил нэвтрүүлэх зохицуулалт тусгагдсан. бөгөөд БНХАУ-тай зорчигчийн байнгын тээвэр буюу “А” төрөл (тухайн жилдээ хүчинтэй), байнгын бус зорчигч тээвэр буюу “B” төрөл (нэг удаагийн), байнгын ачаа тээврийн буюу “C” төрөл (3 сарын хугацаанд олон удаа хил нэвтрэх), түр хугацааны ачаа тээвэр буюу “D” (нэг удаагийн), овор ихтэй ачаа тээврийн буюу “E” төрөл (нэг удаа), аюултай ачаа тээврийн буюу “F” төрөл (нэг удаагийн), зорчигчийн тогтмол тээврийн автобусыг дагаж тээш тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгодог “A-C” гэсэн долоон төрлийн зөвшөөрлийн бичгийг солилцож, ашиглаж байна.
  • Хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олголтыг 2013 оноос өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар (хуучнаар) хариуцан ажиллаж байгаад уг агентлаг татан буугдсанаас хойш “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон ШУӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимуудтай жил бүр уулзалт зохион байгуулж, харилцан тээвэрлэлт хийх, зорчих зөвшөөрлийн бичгийн тоог тохирч харилцан тэнцүү хэмжээгээр солилцдог байна. Үүний хүрээнд Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган зэрэг боомтууд дээр 2020 онд 39500, 2021 он 38000, 2022 онд 38000 байнгын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгожээ. 2020 онд олгосон “С” зөвшөөрлийн 89 хувийг, 2021 онд 95 хувийг, 2022 онд 75 хувийг ашигласан байна. Ирэх он буюу 2023 оны байдлаар байнгын ачаа тээврийн “С” төрлийн 50.000 зөвшөөрлийн бичиг олгохоор талууд тохирсон бөгөөд энэ нь өмнөх онуудынхаас илүү байгаа.
  • Байнгын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрөл олгохдоо “Автотээврийн үндэсний төв” бичилт хийж, Боомтын үндэсний зөвлөл олгодог.
  • Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор дээрх төрлийн зөвшөөрөл олгох зохион байгуулалтыг өөрчилж, олборлолт хийдэг компаниуд олгохоор болсон байна.
  • “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит улсын үйлдвэрийн газар нь тээврийн нэгдсэн системийг бий болгож, энэ хүрээндээ зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй, ил тод болгосон байна. Тус системд одоогийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Булган, Бургастай боомтуудад үйл ажиллагаа явуулж буй 500 орчим аж ахуйн нэгжийн 27900 гаруй тээврийн хэрэгсэл, 26400 орчим мэргэшсэн жолооч бүртгэлтэй байгаа. Үүнээс Гашуунсухайт боомтод 320 орчим аж ахуйн нэгжийн 21600 орчим тээврийн хэрэгсэл, 22000 мэргэшсэн жолооч ажиллаж байгаа. Эдгээр нь Монгол Улсаас БНХАУ руу тээвэр хийж байгаа “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн 65 хувь, нийт тээврийн хэрэгслийн 77 хувь, нийт мэргэшсэн жолооч нарын 84 хувийг эзэлж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тус компанитай холбоотой нууцаас ил болсон долоон гэрээний талаарх мэдээллийг танилцуулав.

Дээрх гэрээнд хэд хэдэн заалтууд оруулсныг тэрбээр дурдав.

  • Гүйцэтгэгч нь төслийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжүүлэх бөгөөд хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг “Эрдэнэс тавантолгой” ХК нь нүүрс нийлүүлэх гэрээний дагуу, нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө.
  • Хэрэв гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх үед ханшийн зөрүү үүсвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар хохиролгүй болгоно. Тус заалтын дагуу урьдчилгаа төлбөрийн дүнгээс үүссэн ханшийн зөрүүний алдагдал 1,248.9 мянган ам.долларыг “Эрдэнэс тавантолгой” ХК төлөхөөр болсон.
  • Урьдчилгаа 110 сая ам.долларыг “Тавантолгой төмөр зам” ХХК-д шилжүүлсэн. “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноос 60 хоногийн дотор “Тавантолгой төмөр зам” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д нийлүүлэх нүүрсийг тэргүүн ээлжид тээвэрлэх гэрээг гүйцэтгэгчтэй байгуулна.

Мөн тэрбээр “Загийн усны хоолой, усан хангамжийн төсөл” нь төмөр замтай холбоогүй гэдгийг тодотгоод уг усны төслийн гүйцэтгэгч нь Монголын компаниуд бөгөөд ажил нь 69.7 хувьтай байгаа гэв. Компани уг төслийг нууцдаа оруулсан учраас сонгон шалгаруулалтгүйгээр гүйцэтгэгчид нь шууд гэрээ байгуулж, энэ төслийг явуулсан асуудал байгааг тодотгож байлаа.

Түүнчлэн далд уурхайн төслийн санхүүжилтийн төсөвт өртөг нь 69.9 тэрбум төгрөгтэй, геологи хайгуулын судалгааны ажил юм. Үүнийг нууцад хамааруулан тендер зарлахгүйгээр гүйцэтгэгчийг сонгосныг Бүрэн Эрхт төлөөлөгч мэдээлэлдээ дурдаад энэ хүрээнд 2022 он 10 сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 20.9 тэрбум төгрөгийг гэрээ байгуулсанаас хойш ажлын 10 хоногт багтаан төлөхөөр тусгагдсан. Урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр 10 дугаар сарын 27-нд санхүүжилт гаргах гэж оролдсон “Эрдэнэс тавантойлгой” ХК-ийн холбогдох таван албан тушаалтны мэдээллийг АТГ-т хүргүүлснийг онцлов.

 

 

Дараа нь “Тавантолгой-Гашуунсухайт”, “Богдхан төмөр зам” чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотой нууцаас ил болсон 2 гэрээ, тэдгээр гэрээнд тусгагдсан төмөр замын өртөг, бүтээн байгуулалтын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулсан.

             “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг Австралийн “АЕСОМ” компаниар хийлгэж, 1 тэрбум 68 сая ам.доллартай тэнцэх өртөгтэй байхаар төлөвлөсөн. Тавантолгойгоос хилийн 208 дахь километр хүртэлх урттайгаар анхны ТЭЗҮ-ийг төлөвлөсөн байсныг 2020 онд тодотгоод, хил рүү 233 болтол дөхүүлсэн. Энэ тодотголын хүрээнд гаргасан ТЭЗҮ-ийг 213 сая ам.доллар болно гэж төлөвлөсөн. Ингээд дээрх хоёр ТЭЗҮ-ийн дүнг нэгтгэвэл 1 тэрбум 282 сая ам.долларын төсөвт өртөг болохыг дурдав. Мөн “Богдхан төмөр зам”-ын төсөл одоогоор зогссон бөгөөд батлагдсан ТЭЗҮ нь 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй. ТЭЗҮ-ийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлын шийдвэрээр баталсан гэв. Үүнийг батлахдаа тунел, эстакадан гүүрийн хэсэгт 734.6 ам.сая доллар, дээд бүтцийн гүйцэтгэлд 328.2 сая ам.доллар, доод бүтэц буюу барилгын ажлын хүрээнд 342 сая ам.долларын өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлууд бий болно гэж байлаа. Түүнчлэн энэ ажлын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 100 тэрбум төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Энэ 100 тэрбум төгрөгийг “Тавантолгой төмөр зам” компанид шилжүүлж, ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор 30 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн зарцуулалт гарсан байв. “Эрдэнэс тавантолгой” ХК-д 100 тэрбум төгрөгийнхөө 57 тэрбум төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн. 30 тэрбумын ажил гүйцэтгэсэн бөгөөд энэ хүрээндээ 12.6 тэрбум төгрөг нь  хийж байгаа ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа гэдгийг тодотголоо. 

 

                Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал дараа нь мэдээлэл танилцуулсан юм. Нүүрс экспортлох үйл ажиллагаанд тус байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын тухай мэдээлэлдээ тэрбээр талуудын бүртгэлийн аргачлал, гаалийн хууль, журам, горимын онцлогоос хамаарч нүүрс төдийгүй бусад бараа бүтээгдэхүүн ч тэр болгон тохирохгүй, аль аль талдаа зөрүү гарах тохиолдол байдаг гэсэн юм. Түүний мэдээлэлд дурдсанаар, 2010-2011 онд улсын хилээр 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байна. Мөн, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2 527 тээврийн хэрэгсэл 17 149 удаа улсын хилээр хоосон гарсан, Тавантолгой ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1 сая тонноор илүү гарсан, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортлосон зэрэг асуудлууд тогтоогджээ. 2018-2022 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацааг хамруулсан шалгалтаар мөн 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна. Эдгээр асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өгсний зэрэгцээ Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, АТГ-т шилжүүлж, нягтлан шалгах, эцэслэн тогтоохоор хамтран ажиллаж байна

             Гаалийн шинэчлэлийн хүрээнд Шивээхүрэн, Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг боомтуудад хүний оролцоогүй бүртгэж, сан үүсгэх ухаалаг гарцын систем нэвтрүүлж, нүүрс экспортлох тээврийн хэрэгсэлд хяналт тавих рентген төхөөрөмж, телекамер суурилуулсан байна.

 

              Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал танилцуулга хийв. Прокурорын хяналтад 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгагдсаныг танилцуулгынхаа эхэнд дурдав. Тэдгээрийн 32-т нь АТГ, дөрөвт нь Эрүүгийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тавд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Хэрэг бүртгэлтийн шатанд эдгээрийн 16 хэрэгт 72 хүнийг яллагдагчаар татаж, 8 хэргийг хаасан байна.

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 83 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна гэж хэлтсийн дарга Д.Баянжаргал мэдээлэлдээ дурдав. Шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас бүрдсэн хамтарсан ажпын хэсэг байгуулсан байна. Тус хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид өнгөрсөн хугацаанд нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжпэгийн ажиллагаа явуулж, 65549 хуудас цаасан суурьт баримтыг хураан авах зэрэг ажиллагааг явуулжээ. Мөн дээр өгүүлсэн 39 хэргийн  татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, хаасан хэргүүдийг сэргээгээд байна хэмээн танилцууллаа.  

Сонсголд оролцсон УИХ-ын 10 гаруй гишүүн, 80 гаруй иргэн үг хэлж, төрийн холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудад асуулт тавьж, хариулт авсан юм. Иргэд дараах асуудлыг түлхүү хөндөж байв. 

  • "Нүүрсний хулгай" хийсэн хүмүүсийг ял завшуулахгүй байх, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хатуу хариуцлага хүлээлгэх 
  • Саяхан баталсан Эрүүгийн хуулийн өөрчлөлт нь "нүүрсний хулгай"-чдад үйлчлэхгүй тул үүнийг засах 
  • УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэж, үнэн мөнийг тогтоолгохоор шалгуулах, хэрвээ гэмт хэрэг хийгээгүй бол нэр цэвэр гэдгээ хуулийн байгууллагаар нотлуулах 
  • Ажлын байр нэмэх, хувийн хэвшлийг дэмжих, инфляцыг бууруулах
  • Төрийн өмчит компаниудыг цөөлөх, ил тод нээлттэй болгох, хариуцлагажуулах 
  • Төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, үүний тулд авлига, албан тушаал гэмт хэрэг гарахаас сайтар урьдчилан сэргийлэх 
  • Жагсагчидтай уулзаж, шаардлагыг нь биелүүлэх