Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ШИНЭ ЖИШИГ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг анх удаа Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулав
2023-01-25

            Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороог УИХ-аас байгуулаад жил шахам хугацаа өнгөрсөн. Тус хороо Монголын парламентын түүхэнд анх удаа нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ сарын 16-20-нд зохион байгуулсан нь шинэ жишиг болж байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд энэ нь эхнийх нь юм. Уг сонсгол“Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болов.

 

Сонсгол даргалагчийн нээлтийн үг: Сонсголыг УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр удирдсан. Тэрбээр “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттай зохион байгуулна. 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд болох эхний сонсголоор Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтыг нэгбүрчлэн сонсож, энэ хүрээнд гаргасан хянан шалгагч, шинжээчийн дүгнэлттэй танилцан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авна. Хоёр дахь үе шат буюу 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд болох нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар сонсох юм байна. Гурав дахь үе шат  2023 оны гуравдугаар сарын 13-17-нд болох бөгөөд энэ удаа Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2550 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсоно” гэв.

Сонсголын дэг: Таван өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын ирцийг эхний өдрийн ирцээр тооцно. Сонсголын танхимд орсон оролцогч парламентыг хүндэтгэх, сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 45.3-т заасан үндэслэлээр түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.  Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон зөвхөн түр хорооны гишүүд асуулт асууж болох бөгөөд асуулт, хариултын хугацаа УИХ-ын чуулганы хуралдааны нийтлэг дэгийн дагуу тус бүр 4 минут байна. Хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болох юм байна. Тусгай шалгалтын сэдэвтэй холбоогүй, тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан, доромжилсон шинжтэй асуулт тавих нь сонсголын дэгээр хориотой. Энэ төрлийн агуулгатай байвал сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, хариулт авахгүйгээр дараагийн асуултыг асуух боломжтой. Мөн асуултыг алгасах саналыг гэрч хуралдаан даргалагчид гаргах боломжтой аж. Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжтой бөгөөд хянан шалгах түр хорооны гишүүн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, эсхүл давтан асуух эрхтэй. Сонсголд оролцогчид дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой.

Сонсголд оролцогчид: Сонсголд хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээчид, хөндлөнгийн ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв, “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд, Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд, давхардсан тоогоор 175 гэрч.

Гэрчээр дуудах процесс: Сонсгол даргалагч нийтдээ 121 гэрчид хүргүүлэх мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан байна. Үүнээс 45 мэдэгдэх хуудсыг гэрчид гардуулсан бол 30 мэдэгдэх хуудсыг хамаарал бүхий этгээдэд нь хүлээлгэн өгчээ. 39 гэрчид утас болон цахим хаягаар мэдэгдсэн бол 6 гэрчтэй холбоо барьж чадаагүй аж.

Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид 4000 гаруй хуулийн этгээдийн хамаарлыг бүтэн сарын турш судлан Түр хороонд ирүүлсэн байна. Бүх арилжааны банкнуудын удирдлагууд банкуудын гүйлгээг хяналт шалгалтын хүрээнд гаргаж өгчээ. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор дараах компаниудын зээлийн асуудлыг хэлэлцлээ.

Бэрэн группийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Барилгын арматурын үйлдвэр байгуулах төсөлд Хөгжлийн банкнаас 27.2 сая ам.долларын зээл олгосон. Үндсэн төлбөр, хүүнд 8.1 тэрбум төгрөг төлсөн бол 147.7 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Тус группын “VII хорооллын 720 болон 120 айлын Е блок орон сууцны хороолол” төсөлд 11.6 сая ам.долларын зээл олгосон бөгөөд үндсэн болон хүүгийн төлбөрт 3.6 тэрбум төгрөг эргэн төлсөн. Зээлийн үлдэгдэл 39.9 тэрбум төгрөг. Хоёр зээл чанаргүй ангилалд шилжсэн. Зээлийн тодорхой хэсгийг зориулалтын бусаар ашигласан. Хамаарал бүхий этгээд болох Нэхээсгүй эдлэл, Атар өргөө, Бэрэн трейд ххк-ийн зээл, хүүнд төлсөн 5.7 са ам.доллар, компанийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн дансанд шилжүүлж, хувийн хэрэгцээнд ашигласан 1.5 сая ам.доллар, нийт 7.2 сая ам.долларын зээлийг зориулалтын бусаар зарцуулсан.  

Монгол мах экспо ххк-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөлд нийт 31.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус зээлийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Каптал банкны өөрийн хөрөнгийг 29.03 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, “Монгол анар” ххк-ийн Капитал банкан дахь 2.75 тэрбум төгрөгийн зээлийг хаасан. 2022 оны есдүгээр сарын 21-нд 39.9 тэрбум төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан.

Монгол эм импекс концерн ХХК-д олгосон зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөлд 7.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Чанаргүй ангилалтай, 2022 онд шүүхийн журмаар Үндсэн болон хүүгийн төлбөр болох 7.4 тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Тус үйлдвэрийг бариагүй. Зээлийн 4 тэрбум төгрөгийг бусад барилгын ажилд зарцуулсан. Зээлийн 2.3 тэрбум төгрөгөөр өөрийн болон хамаарал бүхий компанийн зээлийг хаасан. Нийт 6.3 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан.  

Монгол драй милк ххк-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Монгол хуурай сүүний үйлдвэр төсөлд 15 (14.9) сая ам.долларын зээл авсан. Үндсэн төлбөрөөс 2.8, хүүгийн төлбөрөөс 0.03 тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Үндсэн төлбөр 48.1 тэрбум, хүүгийн 26.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Төслийн үйл явцтай танилцахад орон нутгийн 7 суманд тоног төхөөрөмжийг суурилуулсан, үлдсэнийг нь Улаанбаатарт агуулахад хураасан байна. Өмнөх ажлын хэсэг төслийг хэрэгжээгүй гэж дүгнэсэн. 9.4 сая ам.долларын гадаад гүйлгээг зориулалтын дагуу гэж дүгнэх боломжгүй. Учир нь гаалийн мэдүүлэгт үндэслэн 30 тоног төхөөрөмжийг хөндлөнгийн үнэлгээгээр 2.9 төгрөгөөр үнэлжээ. Ирээдүйд бий болох хөрөнгө болох 60 цехийн тоног төхөөрөмжийг Төрийн банк тухайн үед барьцаалсан байсан. Хөгжлийн банк ирээдүйд бий болох хөрөнгийн хоёрдогч эрхийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэйгээр барьцаалсан.   

Монлаа ххк-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр байгуулах төсөлд 5.64 тэрбум төгрөгийг 2014 онд олгосон. Үндсэн төлбөрт 0.49, хүүнд 0.51 тэрбум төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдлийн хувьд үндсэн төлбөр 5.16, хүү, торгуулийн төлбөр 2.41 тэрбум төгрөг.

Вертекс майнинг партнер ххк-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Ухаа худаг уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлох үйл ажиллагаа явуулах төсөлд 33 тэрбум төгрөгийн зээл олгосон. Төсөл хэрэгжиж дууссан. Үндсэн төлбөрт 33, хүүгийн төлбөрт 9.98, нэмэгдүүлсэн хүүнд 0.20 тэрбум төгрөгийг төлсөн. Нийт зээлийн 581.5 сая төгрөгийг зориулалтын бусаар ашигласан.

Эйч энд эйч ремикон ххк-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Бетон зуурмагийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд 5 тэрбум шахам төгрөгийн зээлийг 2018 онд олгосон. Үндсэн төлбөр болон хүүнд 5.7 тэрбум төгрөг төлсөн. 0.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээлийн ангилал хэвийн. Өмнөх ажлын хэсэг төслийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэсэн.  

Энсада истерн ххк-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл төсөлд 25.2 тэрбум төгрөг 2018 онд олгожээ. Нийт 31.9 эрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Өмнөх ажлын хэсэг тус төслийг хэрэгжсэн гэж үзсэн. Нийт зээл буюу 9.8 сая ам.долларын 8.9 сая ам.долларыг зориулалтын дагуу зарцуулсан. 0.8 сая ам.долларыг иргэний дансанд шилжүүлсэн буюу зориулалт тодорхойгүй.

Империал гоулд майнинг ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төсөлд 16 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 10.2 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн, 12.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Нийт зээлийн 7.4 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласан гэж шинжээч дүгнэжээ.

Шарын гол ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: “Буянтын хөндийн адаг” алтны шороон ордыг ашиглах төсөлд 264 сая иений зээл олгожээ. Зээлийг бүрэн төлж хаасан байна. Зээлийн санхүүжилтээс 4 тэрбум төгрөгийг “Хэрлэн онон туул” ББСБ-д шилжүүлж, зориулалт бусаар зарцуулсан.

Эрд хул ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Алт-2 төсөлд 700 сая төгрөгийн зээлийг 2017 онд олгосон. Шүүхийн шийдвэрээр 869 сая гаруй төгрөгийг эргэн төлж, зээлийг хаасан. Зээлийн хөрөнгийн 270.4 сая төгрөгийг компанийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Бусал тоног төхөөрөмжийн үнэ гэж шилжүүлсэн шилжүүлгээс буцаан өөрийн данс руу 289.2 сая төгрөгийг авсан нь хамаарал бүхий этгээд хоорондын гүйлгээ гэж үзэхээр байгаа тул зориулалт бүрэн бус. Зээлийг бүрэн төлж, хаасан.

Эрэл ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Байшин үйлдвэрлэх комбинат (БҮК-1) төсөлд 2013 онд 14 сая ам.доллар, 2014 онд 13.1 сая евро, 2015 онд 9 сая ам.доллар тус тус олгосон. Зээлийн үндсэн төлбөрийг огт төлөөгүй. Зээлийн үндсэн хүүнээс 709.3 мянган ам.доллар төлсөн. Хүү, торгуулийн хүүнд 9500 ам.доллар, 7584 еврогийн төлбөр төлсөн. Зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 127.1 тэрбум төгрөг. Хүү, өрийн төлбөртэй нийлүүлж тооцвол 203 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Ажлын хэсэг төслийн явцтай танилцаж, Хөгжлийн банканд барьцаалагдсан бодит үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлж, зээл хөрөнгийн барьцаа 29.7 хувийг нөхөн барагдуулах боломжтой гэж дүгнэжээ. Эхний удаагийн буюу 14 сая ам.доллароос 4.3 сая ам.долларыг нь бэлнээр зарлагадсан. Хоёр дахь буюу 13.1 сая еврогийн зээлийг Эрэл ХХК-д шууд олгоогүй буюу төлбөр (тоног төхөөрөмж) хүлээн авагчийн данс руу шилжүүлжээ. Гурав дахь буюу 9 сая ам.долларын зээлээс 4.3 сая ам.долларыг нь бэлнээр зарлагадсан. Мөн 2.9 сая ам.долларыг нь зориулалт бусаар зарцуулсан байна.

Вестерн холд ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: “Ховд эко цемент” төсөлд 26.8 сая ам.долларыг 2019, 2021 онд үе шаттай олгосон. Зээлийн үндсэн төлбөрт 8, зээлийн хүүнд 20.3 тэрбум төгрөг төлсөн. 88.2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээлийн ангилал хэвийн. Ажлын хэсэг төслийг хэрэгжсэн гэж дүгнэсэн.

Ачлал трейд ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: “Эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төсөл”-д 15 сая ам.долларын зээл олгосон. Зээлийн үндсэн төлбөр төлөөгүй, хүүгийн төлбөрт 6.7 тэрбум төгрөг төлсөн. 68.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Төслийн хүрээнд 120 ортой эмнэлэг ашиглалтад оруулсан. 180 ортой эмнэлгийн барилгын ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй. 1.8 сая ам.долларыг хувьцаа эзэмшигчид олгов гэсэн утгаар бэлэн зарлагадсан. 2 тэрбум төгрөгөөр Ачлал трейд компанийн хадгаламж барьцаалсан зээлийг төлсөн. 5.4 сая ам.долларыг тус компанийн бизнесийн үндсэн гурван зээл, хүүгийн төлбөрт төлжээ. Зээл чанаргүй ангилалд шилжсэн.  

Бармон ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Шинэчлэл хороолол орон сууц барих төсөл (2019-2024)-д 13.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үндсэн төлбөр төлөөгүй, хүүнд 0.9 тэрбум төгрөг төлсөн. Нийт 16.86 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Чанаргүй ангилалд шилжсэн. Төсөл хэрэгжсэн. Зээлийн зарцуулалтын хувьд Химон констракшнд 2 тэрбум, Үүртээл ххк-д 2.5 тэрбум төгрөг шилжүүлсэн, үлдсэн 9.3 тэрбум төгрөгийг бэлэн зарлагадсан.

Болор шүр ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Хужиртын ажлтны шороон ордыг тл аргаар ашиглах төсөлд 104.8 сая иен буюу 2.34 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үндсэн төлбөрт 1.08, хүү, торгуульд 0.07 тэрбум төгрөг төлсөн ба нийт 1.22 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Чанаргүй ангилалд шилжсэн. Зээлийн бүх хөрөнгийг бэлэн зарлагын гүйлгээ хийсэн тул зориулалтын, эсэхийг нягтлах боломжгүй.

Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 10.5 сая ам.доллар (29.9 тэрбум)-ын зээл олгосон. Зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн үлдэгдэл нийт 29.9 тэрбум төгрөг. Чанаргүй ангилалд шилжсэн. Төсөл зогссон. Нийт зээлийн 76 хувийг хуулийн болон бусад зөвлөх үйлчилгээ, цалин, судалгаа, шинжилгээ, зээлийн хүүгийн зардалд төлөгдсөн. Тээврийн хэрэгсэл, тавилга, эд хогшил, оффисын зардал, засварын зардалд, бэлэг дурсгалд 5.1 тэрбум төгрөг зарцуулсан нь зээлийн 24 хувийг эзэлж байна. 314.3 сая төгрөгийг Байгаль хамгаалах тул санд шилжүүлсэн нь зориулалтын бус. Мөн 1.2 тэрбум төгрөгийг Хоган ловеллс монголиа компанийн зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн. Тус компани зээлийн гэрээ байгуулснаас долоо хоногийн дараа улсын бүртгэлд бүртгүүлжээ.   

Дэд бүтэц инженеринг ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Дэд бүтэц-ухаалаг шийдэл төсөлд 2.1 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд олгосон. Үндсэн зээлийн төлбөр төлөөгүй. Хүүгийн төлбөрт 113.1 сая төгрөг төлсөн. Зээлийн нийт үлдэгдэл 2.6 тэрбум төгрөг. Ажлын хэсэг төсөл хэрэгжээгүй гэж дүгнэсэн. Хувьцаа эзэмшигч Ц.Насанбат зээлийн 420 сая төгрөгийг бэлнээр, нябо Уранчимэг нь 70 сая төгрөгийг кассаар болон өөрийн дансанд шилжүүлэн авч, 49.9 сая төгрөгийн зээл төлсөн. Хамаарал бүхий этгээд гэж үзэхээр Аранзал констракшн ххк-ийн (бэлтгэн нийлүүлэгч) дансанд 235.4 сая төгрөгийг шилжүүлсэн.  

Модун ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Наран ухаа 158 айлын орон сууцны төсөлд 5.8 тэрбум төгрөг олгосон. Зээлийн үндсэн төлбөрөөс 4.4, хүүнд 2.14 тэрбум төгрөгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулж төлсөн. Зээлийн үлдэгдэл 1.42 тэрбум төгрөг. Чанаргүй ангилалд шилжсэн. Төсөл хэрэгжсэн. Зээлийн зориулалтыг гэрчээс тодруулах шаардлагатай.  

Монгема ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Муур, нохойн тэжээл боловсруулах төсөлд 419 мянган иений зээл 2017 онд олгосон. Үндсэн, торгуулийн хүүнд 0.59 тэрбум төгрөг төлсөн. Зээлийн нийт үлдэгдэл 13.9 тэрбум төгрөг. Чанаргүй ангилалд шилжсэн. Үйл ажиллагааны зардалд зарцуулсан 400 сая, татан буугдсан компани руу шилжүүлсэн 1.5 тэрбум төгрөгийг зориулалтын бус гэж үзсэн.

Нью хаппи ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Алт-2 хөтөлбөр- хойт баясгалангийн жалга 1, 2 алтны шороон ордыг ил аргаар ашиглах төсөлд 2.1 тэрбум төгрөгийн зээлийг 2017 онд олгосон. Зээлийн үндсэн төлбөрт 2.11, хүүгийн төлбөрт 0.4, нэмэгдүүлсэн хүүнд 0.03 тэрбум төгрөг төлсөн. Зээл 2020 онд хаагдсан.

Форс голд майнинг ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Хорголжин төмрийн үйлдвэрийн төсөлд 2.34 тэрбум төгрөгийн зээл 2017 онд олгосон. Нийт 2.97 тэрбму төгрөг төлж, зээлийг 2019 онд хаасан. Зээлийн 0.3 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан.

Моннис майнинг ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс: Уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд 107.4 тэрбум төгрөгийн зээлийг 2019 онд олгосон. 17.5 тэрбум төгрөгийгш зээлийн үндсэн төлбөр болон хүүнд төлсөн. Зээлийн нийт үлдэгдэл 126.3 тэрбум төгрөг. Чанаргүй ангилалд шилжсэн. Зээлийн 17.9 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан.  

 

           Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хянан шалгах түр хорооны гишүүд "зээл олгох үед улс төрийн өндөр албан тушаалтан, ямар нэг хамаарал бүхий этгээд нөлөө үзүүлсэн, эсэх, зээл олгох процесс хэр хугацаанд явагдсан, яагаад эрсдэлтэй гэж дүгнэсэн компанид зээл олгосон, зээлийг хэрхэн зарцуулсан" талаар гэрчүүдэд асуулт тавьж, хариулт авсан. Таван өдөр зохион байгуулсан сонсголын ажиллагаанд 60 компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж, гэрчүүдээс тайлбар, мэдээлэл авав. 

Сонсголыг хааж сонсгол даргалагчийн хэлсэн үг: Энэ удаагийн сонсгол нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын мөрдөн шалгах хүрээнд хийгдсэн анхны сонсгол гэдгээрээ түүхэнд үлдэж байна. Эцсийн дүгнэлтийг ард иргэд хийнэ байх. Үндсэн хуульд зааснаар УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох ард түмний төлөөллийн дээд байгууллага юм. УИХ-ын баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг орхигдсон байсан гэдгийг энэ удаагийн сонсголын үр дүн харууллаа. УИХ ард түмний төлөөллийн дээд байгууллага болохын хувьд Монголын ард түмний итгэл найдварын, шударга ёсны, дархлааны эцсийн цэг байх учиртай. Энэ үүргээ үе үеийн парламентын ардчиллаар дамжуулж бид хэрэгжүүлэх учиртай.

 

Бэлтгэсэн: uih.mn