Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол энэ сарын 16-20-нд болно
2023-01-09

             УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны зээл олголт, эргэн төлөлт, банкны үйл ажиллагааны үр ашигт байдалтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хүрээнд хамаарал бүхий этгээд болон гэрчийн тайлбар мэдүүлэг, түр хорооны шинжээчдийн гаргасан дүгнэлт, хянан шалгагчдын тайланг хэлэлцэх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван удаа зохион байгуулах аж. 

          Нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд болно. Энэхүү сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсож нээлттэй хэлэлцэж, үнэлэлт дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм. Тодруулбал, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн нийт 3.5 их наяд төгрөгийн 77 зээлдэгч, хуулийн этгээдийн төсөлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална. Дээрх шууд санхүүжүүлсэн зээлийн багцаас 22 зээлдэгчийн зээлийн зарцуулалт хэвийн байгаа бол үлдсэн 55 зээлдэгчийн зээлийн зарцуулалтын талаар хэлэлцэх гэнэ. Тиймээс ажлын 5 өдөр хуваарийн дагуу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд зохион байгуулах юм байна.

        Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд болно. Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

           Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсголыг 2023 оны гуравдугаар сарын 13-17-нд зохион байгуулах бөгөөд энэхүү сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсоно. Мөн цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг олон нийтэд нээлтэй хэлэлцүүлэн шийдвэрлэх аж.

             Хянан шалгах түр хорооны сонсголыг УИХ-ын яналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болгон Төрийн ордонд танхимаар зохион байгуулж олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах юм байна. 

Бэлтгэсэн: UIH.mn