Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол энэ сарын 6-8-нд болно
2023-02-03

             УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах хоёр дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ сарын 6-8-нд товлолоо. 

Ирэх даваа гарагт эхлэх сонсголоор дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэхдээ 21 албан тушаалтныг гэрчээр дуудах оролцуулах юм байна. Гэрчүүдийн дунд 2016 онд Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувиар УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өөрөө багтаж байгаа аж. Түүнчлэн 2020 онд Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын асуудлаар УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд, тухайн үеийн хяналт, шалгалтыг ахалж ажиллаж байсан Монголбанкны удирдлагууд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр оролцох юм байна.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн талаар хэлэлцэнэ. Үүний хүрээнд 40 орчим санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн гэдгийг Б.Энхбаяр гишүүн мэдээллээ. Хянан шалгах шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр, зөрчилтэй, эсхүл эргэн төлөлт хангалтгүй 10 орчим санхүүгийн түрээсийн хэлцэл бий бөгөөд 35 гэрчийг сонсголд оролцуулахаар төлөвлөжээ. 

Гуравдугаарт, Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, хөтөлбөрийн багцуудыг хэлэлцэх аж. 2012-2016 онд Хөгжлийн банкнаас улсын төсөвт тусгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээ бий бөгөөд тэдгээрийн хэрэгжилт, үр дүнг сонсох юм байна. Эдгээрээс тодруулга хийх шаардлагатай хэмээн үзэж, 43 гэрчийг дуудахаар төлөвлөөд байгааг Б.Энхбаяр гишүүн мэдээлсэн. Гэрчүүдийн дунд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, төслийн удирдах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж асан Р.Эрдэнэбүрэн, “Молор Констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж асан Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ний захирал асан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин нарыг гэрчээр дуудахаар мэдэгдэл хүргүүлнэ гэдгээ Хянан шалгах түр хорооны дарга хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.