Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Хөгжлийн банканд хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэж байна
2023-02-06

            Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг өнөөдөр 09.05 цагт эхлүүллээ. Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, зөвлөмжийг хэлэлцэнэ. 

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гэдэг нь УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын хянан шалгах түр хороо холбогдох асуудлаар гэрч дуудаж, нийтийн сонсгол зохион байгуулах байдлаар нотлох баримтыг шинжлэн судлахаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасан. Үүгээр хэлэлцсэн асуудал, гэрчийн хэлсэн үгийг шүүхийн шатанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх, эсэхийг шүүх шийднэ. 

Сонсголд оролцогчид: Нийслэлийн прокурорын газар, АТГ, ЦЕГ-ын төлөөлөл, Хөгжлийн банкны өнөөгийн удирдлага болон Цогц хөгжлийн үндэсний төв, Нээлттэй нийгэм форум зэрэг ТББ-ын төлөөлөл ажиглагчаар оролцож байна. Шинжээчийн танилцуулсан дүгнэлттэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүд гэрчүүдэд асуулт тавьж, хариулт авах юм. Сонсголд гэрчээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан  УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцож байна. 

Сонсголын ирц: Түр хорооны хоёр дахь шатны сонсгол гурван өдөр үргэлжлэх бөгөөд ирц эхний өдрийнхөөрөө тооцогдоно. Сонсголд оролцогч бүр парламентыг хүндэтгэх, дэг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээж байгаа. 

2011-2023 онд Хөгжлийн банканд хийсэн хяналт шалгалтын дүн, өгсөн зөвлөмж, хэрэгжилтийн талаар шинжээч дүгнэлтээ танилцуулсны дараа 2016 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаар хэлэлцэж эхлэв. Уг хяналт шалгалтын ажлын хэсгийг тухайн үед ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр ахалсан бөгөөд тэрбээр гэрчийн суудалд сууж, Ж.Сүхбаатар гишүүн сонсголыг даргалж байна.

Шинжээчийн дүгнэлтээс 

 

Түр хорооны гишүүд гэрчүүдэд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

Ж.Сүхбаатар: 2016, 2019 онд Засгийн газар, 2019, 2020, 2021 онд Үндэсний аудитын газар, 2018, 2020 онд Монголбанк, Сангийн яам хамтран, 2022 онд УИХ гээд төрийн байгууллагууд Хөгжлийн банканд 10-аад хяналт шалгалт хийжээ. 2016 оны хяналт шалгалтын тайланг яагаад нуусан бэ гэдгийг хэвлэл мэдээллийнхэн хөндөж байгаа. Шалгалтаар тогтоосон 703 тэрбум төгрөгийн зөрчлийн мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ.

Б.Энхбаяр (ХЗДХ-ийн дэд сайд байсантай нь холбогдуулан): 2016 оны наймдугаар сарын 8-нд ХЗДХ-ийн дэд сайдаар намайг томилсон. Үүнээс хоёр хоногийн дараа Хөгжлийн банкны шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Ажлын хэсэг өгөгдсөн 21 хоногийн хугацаанд багтаан шалгалтын дүнг Засгийн газарт танилцуулсан. Шалгалтын дүнгийн асуудлаар гурван удаа Засгийн газарт танилцуулсан. Эхний удаад шалгалтын илтгэх хуудас (ХЗДХЯ-ны сайтад ил болгосон, 46 хуудас, 3 хавсралт бүхий материал)-ыг есдүгээр сарын эхээр хаалттайгаар танилцуулах шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргасны дагуу хаалттай хуралдсан. Учир нь тухайн үед Монголбанкны ерөнхийлөгч Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-ын Вашингтонд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байсан. Тус хөтөлбөрт хамрагдахгүй бол Монгол Улс дефолт зарлах өндөр эрсдэлтэй байсан. Манай ажлын хэсгийн шалгалтаар 3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Үндсэндээ Хөгжлийн банк дампуурсан нөхцөл тогтоогдсон. Дээрх өргөтгөсөн хөтөлбөрт манай улс хамрагдахад энэ нөхцөл саад учруулж болзошгүй тул хаалттайгаар хуралдсан. Нэгэнт хаалттай хуралдсан учраас шалгалтын материалд нууцын тамга дарсан. Нууцалсан учраас дүнг нийтэд мэдээлэх боломжгүй болсон. Тухайн үед үүнийг дахиж Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нийтэд мэдээлэх эрхтэй болмоор байна гэж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтод хэлсэн. Тухайн үед 1.3 их наяд төгрөгийн өртөг бүхий 43 төсөл, арга хэмжээний талаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Миний харж байгаагаар үүний мөрөөр хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Шалгалтын дүнг нийтэд мэдээлэх эрхээ аравдугаар сард авсны дараа нийтэд хэвлэлийн бага хурал хийсэн.

Б.Чойжилсүрэн (Сангийн сайдаар ажиллаж байсантай холбогдуулан): Засгийн газрын тухайн үеийн хуралдааны үеэр Монголд би байгаагүй. ОУВС бол Монголын эдийн засаг, Хөгжлийн банканд юу тохиолдсоныг мэдэж байсан. Нэг зүйлээс болгоомжилж байсан нь үнэн. Хөрөнгө оруулагчдад бодит байдлаас хэт дэгсдүүлсэн мэдээлэл хүрэх вий гэдгээс болгоомжилсон. Намайг Сангийн сайдаар ажиллаж байхад 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх хугацаа тулчихсан байсан. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Бусад зүйлийг мэдэхгүй байна.

             Үндэсний аудитын газрын Хөгжлийн банканд хийсэн аудитаар акт тавьжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны ажилтнуудад нийт 290 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. Жишээ нь, тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхсүхэд 61 сая төгрөгийн тэтгэмжи олгожээ. Энэ талаар Н.Мөнхсүх гэрчийн хувьд хариулахдаа “Би хөдөлмөрийн гэрээгээр ажилласан. ТУЗ-ийн шийдвэрээр тэтгэмж авсан. Хөгжлийн банк бүтцийн өөрчлөлт хийж, өөрчлөлтөд хамрагдсан хүмүүст тэтгэмж олгосон. Би Хөгжлийн банкны удирдлагаар 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны наймдугаар сарын хугацаанд ажилласан” гэв.

 

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: 2020 оны Монголбанк, Сангийн яамны Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүн албажаагүй гэдэг асуудал хөндөгдөж байна. Үүнд тайлбар өгнө үү.

Ч.Хүрэлбаатар (Сангийн сайдаар ажиллаж байсантай нь холбогдуулан): Хөгжлийн банкийг Сангийн яаманд шилжүүлсэнтэй холбогдуулан ямархуу банк хүлээж авч байгааг нягтлах шаардлагатай болсон тул хяналт шалгалт хийсэн. Ажлын хэсгийнхэн шуурхай ажилласны дүнд 16 зээлийн асуудлаар шүүхэд хандсан байдаг.  

Б.Энхбаяр: 2020 оны шалгалтын дүнг таныг нуун дарагдуулсан гэсэн асуудлыг өмнөх түр хорооны сонсголын үеэр би хэлсэн. Үүний дараа та цахим сүлжээгээр дамжуулан “Нуун дарагдуулаагүй. Би Засгийн газарт танилцуулж байсан” гээд хуралдааны тэмдэглэлийг дэлгэж байсан. Тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юу танилцуулсныг ЗГХЭГ-аас тодруулсан. Та шалгалтын дүгнэлт биш, Хөгжлийн банкны танилцуулгыг танилцуулсан.

Ч.Хүрэлбаатар: Тус ажлын хэсгийг Монголбанкны ерөнхийлөгч Сангийн сайд хамтран байгуулсан тул дүгнэлтээ бид нарт танилцуулах ёстой. Харин бид хоёр ямар арга хэмжээ авах ёстойг Засгийн газарт танилцуулах ёстой.  

 

Дараа нь Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм лизинг”-ээс санхүүжүүлсэн санхүүгийн түрээсийн үйлчилгээний талаар хэлэлцлээ.

“Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн талаарх шинжээчийн дүгнэлт:

  • 2015 онд Ди би эм лизинг компанийг байгуулснаас хойш 33 хуулийн этгээдэд 115 тэрбум төгрөгийн санхүүгийн түрээс олгосон. 2020 онд тус компанийг татан буулгах тогтоол гарч, үүнтэй холбоотой 477 сая төгрөгийн зардал гарчээ. 2021 онд “Ди би эм лизинг” компанийг эргэн сэргээн байгуулсан.
  • 2022.12.31-ний байдлаар тус компанийн санхүүгийн түрээсийн үлдэгдэл 84.8 тэрбум төгрөг бөгөөд 9.8 тэрбум төгрөгийн үнэ цэний бууралт үүссэн. Компанийн зорилго нь үндэсний эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжид санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ гэж дүрэмдээ заасан.
  • Компанийн дүрмийн 2.1 дэх заалт, 3.1, 4 дэх заалтын шаардлагыг “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээн дэх төрийн өмчит байгууллагуудад олгосон санхүүгийн түрээс, уул уурхай, нүүрсний тээврийн төслийн өөрийн эзэмшлийн хөрөнгийг санхүүжүүлсэн төслүүд хангаагүй.    

Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр АСЕМ-ын үйлчилгээнд зориулж авсан 43 автобусны талаар

  • Ди би эм лизинг, Сангийн яам дамжуулан зээлдэх гэрээ хийж, 19 этгээдэд санхүүгийн түрээс олгосон. Үүнд төрийн ес, хувийн 11 байгууллага багтсан. АТГ 2, ИНЕГ 6, БХЯ 3, Дорнод бүсийн эрчим хүчний систем 1, Улсын ерөнхий прокурорын газар 1, НЗДТГ 2, ОБЕГ 1, ЦЕГ 5 автобус авчээ. (Нийт олгосон дүн 5.1 тэрбум төгрөг. 2023 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар энэ нь 3.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй)
  • Хувийн 9 байгууллагад 21 автобус олгосон. (Нийт олгосон дүн 5.3 тэрбум төгрөг. 2023 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар энэ нь 3.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй). Жишээ нь, Атибус ххк-д 3, Ая буян трэвел ХХК-д 2, Нью жуулчин турс-д 2 гэх мэт.
  • 43 автобусыг нэг бүрийг нь 126 мянган ам.доллароор, нийт 5.5 сая ам.доллароор Hyundai motors ххк-иас авсан. АСЕМ-ын үйлчигээнд 14 хоног ашигласан 43 автобусыг 2017 оны Сангийн яамны албан бичгээр нэгж бүрийн үнэлгээг 44 сая төгрөг, нийт 1.9 тэрбум төгрөгөөр бууруулсан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 30.6 дахь заалтыг хэрэгжүүлээгүй.

Сонсголын үеэр түр хорооны гишүүд гэрчүүдэд ямар асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: 2016 онд онд авсан эдгээр автобусны төлбөрийг улсын төсвөөс одоо хүртэл төлж дуусаагүй байгаа. 43 автобусны 3 нь огт олдохгүй байгаа. Энэ талаар мэдэж байгаа зүйл бий юу?

Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд Ч.Хүрэлбаатар: Зам, тээврийн яамнаас асуусан нь дээр байх.

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Зам, тээврийн яамныхан бас мэдэхгүй байгаа. АСЕМ-ын үйл ажиллагаанд 14 хоног л ашигласан учир эдгээр автобус шинээрээ байсан гэсэн үг. Яагаад үнэлгээг нь ингэж багаар тогтоосонд асуудал бий. Энэ нь улсын төсөвт алдагдал үүсгэж байгаа.

Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд Ч.Хүрэлбаатар: 2016 онд орж ирсэн автобуснуудыг 2017, 2018, 2019 онд олгосон байна. Сүүлдээ 3 автобус нь алга болчихсон. Эзэнгүй болохоор ийм асуудал үүснэ шүү дээ. Яаралтай эзэнтэй болгох хэрэгтэй.

Ди би эм лизинг банкны албан тушаалтан: 43 автобусны 40-ыг нь Ди би эм лизинг компани ЗТХЯ-наас хүлээж аваад, холбогдох байгууллагуудад түрээсийн үйлчилгээгээр олгосон. Үлдсэн 3 автобусыг Ди би эм лизинг компани хүлээж аваагүй. Миний сонссоноор төрийн байгууллагуудад, Улсын драмын театрт өгсөн гэсэн.

"Ди би эм лизинг"-ээс олгосон санхүүгийн зарим түрээсийн үйлчилгээний талаарх шинжээчийн дүгнэлтүүдээс

 

Бэлтгэсэн: Uih.mn