Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор улсын төсвөөс санхүүжүүлсэн 371 арга хэмжээг хэлэлцэж эхэллээ
2023-02-07

              УИХ-ын 2020 оны 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө буюу өнөөдөр 09.05 цагт эхэллээ. 

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн “Нотлох баримтыг сонсох” гэсэн 45 дугаар зүйлийн дагуу сонсгол зохион байгуулж буйг сонсгол даргалагч Б.Энхбаяр хэлэв. Өнөөдөр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг шинжлэн судална. Үүнд Хөгжлийн банкны эх үүсвэрийн 45 хувь буюу 3 их наяд төгрөгийн нийт 371  арга хэмжээ багтаж буй аж. Сонсголд түр хорооны гишүүд, хянан шалгагчид, шинжээчид, ажиглагчдаас гадна Эрчим хүчний яамны албан тушаалтнууд, Хөгжлийн банкны өнөөгийн удирдлага оролцож байна. 

Дээрх 371 төсөл, арга хэмжээний талаарх шинжээчийн зарим дүгнэлтээс (БХБЯ, ЭХЯ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Гудамж төслийн талаарх)

Түр хорооны гишүүд гэрчүүдэд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе

Б.Энхбаяр: “Чингис бонд”-ыг босгож, хөгжлийн олон төслүүдийг тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн гээд олон асуудал байна. Бондын мөнгийг зарцуулах бэлэн төслүүд байсан уу. Мөнгийг нь Бондын зөвлөлийн гишүүдийн тойрогт түлхүү хуваарилсан байна. Таны 2013 онд баталсан түр журмын дагуу төслийн Удирдах хороодыг байгуулж, төсөл хэрэгжүүлэгчийг шууд сонгож байсан.

Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажилласантай нь холбогдуулан Н.Батбаяр: Өмнөх сонсголд намайг албан ёсоор дуудаагүй учир би ирээгүй. Та УИХ-ын индэр дээрээс Батбаярыг дуудсан ч ирээгүй гэж хэлсэндээ уучлал гуй. Түр хорооны гишүүдийн ирцийг бүрдүүлж байж хурлаа явуулахыг хүсье.

Б.Энхбаяр: Ажлын албанаас тодруулж байж хариу өгнө. Түр хорооны ирц эхний өдрийн хурлын ирцээр явна. Та асуултад хариул.

Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажилласантай нь холбогдуулан Н.Батбаяр: Би 2012 оны наймдугаар сарын 18-нд сайдаар томилогдсон. 12 хоногийн дараа бонд босгох санал гаргасан. УИХ 5 тэрбум доллар хүртэлх хэмжээний бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон. 2012 оны арваннэгдүгээр сарын 26-нд 1.5 тэрбум долларын хөрөнгө босгосон. Хоёр жил сайдаар ажиллах хугацаандаа 1.5 тэрбум долларын Чингис, 300 сая долларын Самурай бондыг босгож, БНХАУ, ОХУ, Европоос нийт 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж ирсэн. Чингис бондын мөнгөөр 371 арга хэмжээг санхүүжүүлсэн. Өнөөдөр эдгээрийн зөвхөн саар талыг нь танилцуулж байна гэж ойлголоо. Чингис бондыг босгосноор Монголд их бүтээн байгуулалт хийгдсэн. Цахилгаан станцуудыг өргөтгөөгүй бол Улаанбаатар “хөлдчих” байсан. Авто замын хувьд уртаашаа 3000 км авто зам тавьсан. Гудамж төслийн хүрээнд 33 уулзвар ашиглалтад оруулсан.  

Б.Энхбаяр: Хуулиас давсан 29 дүгээр тушаал гаргаад, 2.5 их наяд төгрөгийг яагаад тендергүйгээр захиран зарцуулсан юм бэ.

Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажилласантай нь холбогдуулан Н.Батбаяр: БНХАУ-ын зээлээр барьсан Олимпын гүүр 40 сая ам.доллароор боссон. Гудамж төслийн хүрээнд хийсэн ажлын өртөг тус гүүрнийхээс илүү гарахгүй шүү дээ. Би сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын хуулийг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Та ХЗДХ-ийн дэд сайд байхдаа буюу 2016 онд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, миний гаргасан журам хууль бус байсныг тогтоосон юм бол яагаад хүчингүй болгоогүй юм бэ. Амаараа нэг, ажлаараа өөр зүйл ярихаа болих хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага хангалттай шалгасан.

Т.Доржханд: Хөгжлийн банкийг байгуулахдаа ажиллуулсан БНСУ-ын менежментийн багийг яагаад явуулчихсан юм бэ?

Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажилласантай нь холбогдуулан Н.Батбаяр: Солонгосын багийг бүтэн нэг жилийн хугацаанд ажиллуулсны дараа өөрчилсөн. Асар их мөнгө, боломж байсан атал тэр банк алдагдалтай ажилласан.  

Т.Доржханд: Бондын мөнгөөр санхүүжүүлэх төслүүд бэлэн байсан уу.

Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажилласантай нь холбогдуулан Н.Батбаяр: 2012 онд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ эрс унасан. Ийм хүнд байдлаас гарахын тулд бонд босгосон. Бонд босгоход цаг хугацаа их чухал. Хэзээ босгохоос хүү нь хамаардаг. Олон улсад Монголоос хамгийн сүүлд гаргасан бонд 8.64 хувийн хүүтэй. Хэрэв Хөгжлийн банкны өмнөх хаврын сонсгол хэт нэг талыг барьсан байдлаар зохион байгуулагдаагүй бол энэ бондын хүү бага байх боломжтой байсан. Төсөл, хөтөлбөрүүдийн зарим нь бэлэн байсан, зарим нь бэлэн байгаагүй. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд ТЭЗҮ боловсруулсан байх ёстой. ТЭЗҮ-г хийх мөнгө байхгүй байсан. Тиймээс эхлээд мөнгө босгосон юм.

Бэлтгэсэн: Uih.mn