Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
СОНСГОЛ: "Шинэ төмөр зам" төслийн зээлийн асуудлыг шинжлэн судалж байна
2023-02-08

         "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)
  • Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК
  • Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл

Иймд эдгээр байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 39 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан.

         Энэ удаагийн Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын талаар шинжээчийн дүгнэлтийн хэсгээс хүргэе.

Түр хорооны гишүүд гэрчүүдэд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

Б.Энхбаяр: Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын захирал асан Ж.Дөлгөөн нь таны зөвлөх байсан гэх мэдээлэл байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажилласны хувьд Х.Баттулга: Түүний зөвлөх байсан энэ тэр гэх зүйлс яримааргүй байна. Яармагийн орон сууцжуулах төсөлд ажиллаж байсан Ууганаа гэдэг залууг Баттулгын зөвлөх байсан гэж тамлаад л. Миний зөвлөх байсан хүмүүс ямар нэгэн ажил хийж болмоор санагдах юм. Сайншандын аж үйлдвэрийн төсөл хэрэгтэй болоод л Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа шүү дээ.

Б.Энхбаяр: Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын талаарх байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ёстой гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Тендерийг зарлахдаа тогтоол заасан хэлбэрээс өөрийг тусгасан буюу Байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээ гэж өөрчилсөн гэсэн дүгнэлт гарсан. Тендерийн урилгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ТНБД Х.Золжаргалаар батлуулсан. Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Түвшинжаргал ажиллаж байсан. Г.Түвшинжаргал нь таны зөвлөхөөр ажиллаж байсан гэх мэдээлэл байна.  

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажилласны хувьд Х.Баттулга: Г.Түвшинжаргал бол намайг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхад манай яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан. Дараа нь Хөдөө аж ахуйн яам руу ороход хэд хэдэн хүн хамт ажиллаад л явсан. Нийгмийн гэдэг үг илүү оруулсан гээд байгаа юм уу. Тухайн суурьшлын бүсэд хэдэн хүн амьдарч байгаа, хэрэв аж үйлдвэрийн цогцолбор баривал нийгмийн асуудал хэр нөлөөтэй вэ гэдгийн дагуу нийгмийн гэсэн үг оруулсан юм билээ шүү.

Ж.Сүхбаатар: Зөндөө тайлангууд л байна. Үр дүн хаана байна вэ. Аж үйлдвэрийн цогцолборыг нь татан буулгах ёстой гэдэг шийдвэр гаргасан байна.  

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажилласны хувьд Х.Баттулга: Тайлбар хийх боломж олдож байгаад баяртай байна. Яаманд хийсэн ажлыг дараагийнх нь сайд хүлээж аваагүй л байна. Бүх салбарт тэр. Хөдөө аж ахуйн сайдад арьс ширний үйлдвэрийн талаарх тогтоол, ТЭЗҮ гээд бүгдийг нь хүргэж өгсөн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газрын дарга Ц.Баяр-Эрдэнэ: 2018 оны нэгдүгээр сарын 10-ны Засгийн газрын тогтоолоор нэр бүхий таван байгууллагыг татан буулгах шийдвэр гарсан. Үүнд Аж үйлдвэрийн цогцолбор төрийн өмчит хувьцаат компани багтсан. Аливаа байгууллагыг татан буулгах журмын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажлын хэсэг байгуулж, өдөр тутмын сонинуудаар тус компанийг татан буулгах тухай зар түгээсэн. Аж үйлдвэрийн цогцолбор төрийн өмчит хувьцаат компанитай холбоотой өр, төлбөр, нэхэмжлэл үүний дагуу ирүүлсэн. 3.5 тэрбум төгрөгийн өр, төлбөр нэгтгэгдсэн. Өр, төлбөртэй учраас татан буулгах ажил үргэлжилж байгаа.     

Шинэ төмөр зам төслийн талаар хэлэлцсэн нь

Шинэ төмөр зам төслийн талаарх шинжээчийн дүгнэлтээс

Шинэ төмөр зам төсөлд Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор 55 сая ам.долларын зээлийг 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн зөвшөөрч, эргэн төлөлтөд шаардагдах хөрөнгийг тухай бүр улсын төсөвт тусгаж байхыг даалгажээ. (Тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг баталж, 22.5 сая ам.доллар, 2 дугаар хавсралтаар хавсралтаар төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд 2013 онд хийх ажлын жагсаалтыг баталж, 32.5 сая ам.доллар)

Сангийн яам, ЭЗХЯ, ЗТЯ, Монголын төмөр зам ТӨХК нь 55 сая ам.долларын зээлийн гэрээг 2013 оны хоёрдугаар сарын 20-нд байгуулсан. Уг зээлийн гэрээнд 2013.12.31 хүртэл санхүүжилт олгох боломжтой, ашиглагдаагүй байгаа санхүүжилт цуцлагдахаар заасан тул 22.52 сая ам.доллар олгосон байна.

Гэрчүүдийн зарим мэдүүлэг, тайлбараас хүргэе.

Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд Н.Алтанхуяг: Сү.Батболдын Засгийн газрын үед төмөр замыг BOT нөхцөлөөр буюу Энержи ресурс, Дорнын төмөр зам компанид барих эрхийг нь өгсөн юм билээ. Энержи ресурсэд Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замыг өгсөн, монополь болчихсон. Дахиад урагшаа явдаг төмөр зам барих эрхийг тэдэнд өгөхөөр бусад нь тээвэр хийхэд хүндрэл гарах учир концессын гэрээг цуцалсан. Мөн төрийн өмч зонхилсон компаниар төмөр замын суурь бүтцийг өмчлөх ёстой. Сонсгол бол энэ удаагийн парламентын том дэвшил. Гэхдээ “кино”-ны өмнөх, төгсгөл хэсгийг нь хасаад, найруулж болохгүй. Төмөр зам гэвэл хаанаас эхлэлтэйг нь яримаар байна.

Зам тээврийн сайдаар ажиллаж байсны хувьд А.Гансүх: Төрд хуулиар зөвшөөрөгдөөгүй бүхэн хориотой. Төмөр замын түүхийг 2008 оноос ярих хэрэгтэй. 2008 онд УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтот тулгуурласан үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд стратегийн зорилт 4-т төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт малтмалын орд газруудыг ашиглалтад оруулахтай холбон оновчтой төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх гэж заасан байсан. 2088 оны ҮАБЗ-ийн зөвлөмжөөр төмөр замын талаар маш тодорхой үүрэг өгөгдсөн, мөн царигийг тодорхойлоорой гэсэн байсан.  2009 онд ОХУ-н Ерөнхийлөгч Медведев Монголд төрийн айлчлал хийгээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Стратегийн түншлэл хөгжүүлэх Улаанбаатарын тунхаглал”-ыг байгуулсан. Үүнд шинээр барих төмөр замыг өргөн царигаар барина гэж тохирсон. 2010 оны Засгийн газрын тогтоолоор төмөр зам барих зөвшөөрлийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Яагаад ийм тогтоол гаргасан бэ гэхээр төмөр замын суурь бүтцийг төрийн өмчид байлгана гэж УИХ-ын тогтоол, хуульд заасан учир тэр. Харамсалтай нь, Сүхбаатарын Засгийн газар өөрийнхөө шийдвэрийг хүчингүй болгоод, төмөр зам барих концессыг төрийн өмчит компаниас хувийн компанид шилжүүлсэн. Энэ нь ҮАБЗ-ийн хоёр зөвлөмж, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалтыг зөрчсөн. Дээрээс нь Энержи ресурс компани нарийн царигаар ТЭЗҮ-г боловсруулсан байсан.   

Сонсголыг хааж даргалагч Б.Энхбаярын хэлсэн үг: Энэ удаагийн сонсголд нийт 134 гэрч дуудсанаас 81 нь оролцсон. 27 гэрч сонсголд оролцох боломжгүй тухай албан бичиг, хүсэлт ирүүлсэн. Сонсголд хууль хяналтын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл ажиглагчаар оролцож, МҮОНТ-ээр шууд дамжууллаа. 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий улсын төсвийн шинж чанартайгаар суулгасан 371 төсөл, арга хэмжээний талаарх шинжээчийн дүгнэлттэй танилцаж, холбогдох гэрчүүдээс асуулт тавьж, хариулт авлаа. Мөн Хөгжлийн банкны охин компани болох Ди би эм лизинг компаниас олгосон санхүүгийн түрээсийн үйлчилгээний талаарх шинжээчийн дүгнэлттэй танилцаж, гэрчүүдэд асуулт тавьж, хариулт авав.

Бэлтгэсэн: UIH.mn