Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Хөгжлийн банкны нотлох баримтын сонсголд 210 хүн, албан тушаалтныг гэрчээр дуудна
2023-03-06

           Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголыг энэ сарын 13-17-нд зохион байгуулах талаар түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

          Түр хорооны дарга Б.Энхбаяр “Энэ удаагийн сонсголоор нэгдүгээрт, арилжааны банкнуудаар дамжуулан олгосон, Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудлыг хэлэлцэнэ. Нийт 1.6 их наяд төгрөгийн зээл хамаарна. Тодруулбал, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн 151 төсөл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 төсөл, арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд зээл олгох 57, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл, ЖДҮ-ийн 70 тэрбум төгрөгийн дамжуулан зээл олгосон 406 төсөл, ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох 11 төсөл, үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 18 төсөл, “АСЕМ вилла” цогцолбор хотхон, Ази, европын дээд түвшний XI уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15, мах боловсруулах үйлдвэрлэлийн 1, мах хөтөлбөрийн хүрээнд 10, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны 93 төсөл, ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “ноолуур” хөтөлбөрийн 18 (2018 онд олгосон) төсөл, ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон 14 (2019 онд олгосон) төсөл,  ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй “ноолуур” хөтөлбөрийн 2020 онд олгосон 47 төсөл, газар тариалангийн хөтөлбөрийн хүрээнд “Ковид-19”-ийн үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй 833 төсөл, хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх хүрээнд 2021 онд олгосон  төсөл багтаж байна. Хоёрдугаарт, 2011-2020 онд арилжааны банкнуудад Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийнэ” гэв.

          Сонсголд 210 хүн, албан тушаалтныг гэрчээр дуудна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, МСS группын үүсгэн байгуулагч, “Sky resort”-ын эцсийн өмчлөгч Ж.Оджаргал, “Таван богд трейд” группын үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, “Буян” компанийн үүсгэн байгуулагч Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Г.Батбаяр, түүний охин Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адъшаа нар багтаж буй аж.

 

Бэлтгэсэн: UIH.mn