Иргэдийн амьдралд өдөр бүр нөлөөлөх боломжтой, нийтээр дагаж мөрддөг хууль, тогтоолуудыг УИХ баталдаг. Гэвч хууль, тогтоолууд эцэслэн батлахад гишүүд ямар санал өгсөн нь хаалттай байна. Өөрөөр хэлбэл, таныг төлөөлөн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд хууль эцэслэн батлах санал хураалтад ямар санал өгснийг иргэн та мэдэх боломжгүй байна.
Тиймээс нээлттэй байх ёстой уг мэдээллийг ил тод болгохыг шаардан, энэхүү нийтийн өргөдлийг санаачилж байна.
- Үндсэн хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалтаар УИХ-ын гишүүд хууль эцэслэн батлах санал хураалтад ямар санал өгсөн нь НЭЭЛТТЭЙ байх ёстой. УИХ-ын Тамгын газар нээлттэй байх ёстой мэдээллийг хууль зөрчин НУУЦАЛЖ байна.
- 2020 оны сонгуулиар бүрэлдсэн одоогийн парламент таван удаагийн ээлжит чуулганаар нийт 1273 хууль, тогтоол батлахад УИХ-ын гишүүд 100 мянга гаруй удаа “кноп”-оо дарж хууль батлалцсан байна. Гэвч эдгээр кнопын мэдээлэл хаалттай байж ирлээ. Төдий хэрээр иргэдийн мэдэх эрх зөрчигдөж байна.
- Цогц Хөгжлийн Үндэсний Төв ТББ-аас иргэд сонгогдсон төлөөллөө хэрхэн ажиллаж байгааг харах, хянах боломж бүрдүүлэхээр УИХ-ын гишүүдийн намтар, ирц, хөрөнгө, орлого, түүх, санаачилсан хууль зэрэг мэдээллийг нэгтгэсэн UIH.mn талбарыг хөгжүүлдэг. Энэ талбарт УИХ-ын гишүүд хууль эцэслэн батлахад ямар санал өгсөн мэдээллийг байршуулах зорилгоор уг мэдээллийг авах 4 хүсэлт, 2 удаагийн гомдлыг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн ч татгалзсан хариу өгөөд байна.
- Энэхүү мэдээллийг нээлттэй болгосноор иргэдийн парламентад тавих хяналт сайжирч, парламентын ардчиллыг хөгжүүлэхэд чухал алхам болох юм.
Тиймээс 2020 оны сонгуулиар байгуулагдсан одоогийн парламентын баталсан бүх хууль, тогтоолын төслийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүд ямар санал өгсөн мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нараас шаардаж энэхүү өргөдлийг санаачилж, #МэдэхЭрхтэй нөлөөллийн өрнүүлж байна.
Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах