UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нарт -д хаягласан өргөдөл
Залуучуудын хөгжлийг бодитоор дэмжье!
Монголын залуучуудын эвсэл ТББ   35 дэмжсэн

Монголын залуучуудын эвсэл  ТББ нь Залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагаанд залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангахад чиглэн ажилладаг. Монгол Улсад залуучуудын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, олон янзат байдлыг хангахад чиглэсэн олонлог төлөөлөл бүхий төрийн бус байгууллагуудын нийтлэг зорилго, үнэт зүйлтэй 20 гаруй төрийн бус байгууллагын нэгдэл юм.

2019 онд гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэгтэй Залуучуудын хөгжлийн тухай хуулийн хэрэгжилтэд түргэн үнэлгээ хийж байсан.  Мөн чуулганы чөлөө цагт Төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагын оролцоот Гурван талт уулзалтаар залуучуудын асуудлыг бүтээлчээр хамтран оролцож, хэлэлцдэг юм.

Дээрх санаачилгыг үл харгалзан Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны 5-р сарын 29-ний өдөр Шангрила зочид буудлын Их танхимд хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байсан, төрийн алба хашиж байсан, идэвхтэй ажиллаж байгаа зарим төрийн бус байгууллага болон түүний төлөөлөл болох 120 орчим хүнтэй уулзжээ. Энэхүү уулзалтын үеэр оролцогчдын саналын дагуу хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхийн тулд төсвийг хоёр дахин нэмэгдүүлэх, Хүүхдийн агентлаг, Гэр бүлийн агентлаг, Залуучуудын агентлаг байх оновчтой эсэх, эсвэл Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг ажиллах оновчтой эсэх талаар асууж ярилцсан байна. Оролцогчдын зүгээс танхимд гараа өргөн Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нэг агентлагтай байх нь зүйтэй хэмээн санал нэгдсэнээр Залуучуудын агентлагийг цаашид бие даасан бүтэц хэмээн үл хүлээн зөвшөөрч, өөрчлөхөө амаар илэрхийлэв.

Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг оролцогчид дундаасаа сонгон шалгаруулан нэр дэвшүүлсэн тохиолдолд тус газрын даргаар томилох боломжтой тухай мэдэгдсэн байна. Эдгээр шийдвэрүүд нь иргэний нийгмийн оролцоог хангасан мэт харагдах боловч бодит амьдрал дээр эрх ашиг нь хөндөгдсөн бүлэг болох залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудтай огт зөвшилцөөгүй, нэг талын байр суурийг сонсож, хууль дээдлэх ёсыг уландаа гишгэсэн шийдвэр байлаа.

Ийнхүү энэ шийдвэрээ хүчин төгөлдөр болгох зорилгоор Улсын Их Хурлын 2023 оны 6-р сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг үзэл баримтлалын өөрчлөлт оруулах санал хурааж дэмжсэнээр Монголын нийт хүн амын 29.8 хувь эзэлж байгаа залуучуудын хөгжлийг дэмжих, хамгаалах хуулийг бидний оролцоогүйгээр өөрчилсөн байна.  

Энэхүү шийдвэрийг залуучуудын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл дараах үндэслэлээр дэмжихгүй байна. Үүнд:

  1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлал болсон төр – иргэний нийгмийн түншлэлийг үгүйсгэж байна.
  2. Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт (эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах) ноцтой зөрчиж байна. 
  3. Залуучуудын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2023 оны 5-р сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр “Төсвийн хэмнэлт хийх зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын чиг үүргээс залуучуудын хөгжлийн асуудлыг салгана. Залуучуудын хөгжлийн асуудлыг төрийн бус байгууллагаар төрийн зарим үүргийг гэрээлэн гүйцэтгүүлэх, Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Монголын залуучуудын холбоо НҮТББ-д шилжүүлэх боломжтой” тухай мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь хуулиас давсан шийдвэрийг салбарын яам боловсруулан танилцууласан, улс төрийн намын гишүүд удирдах түвшинд зонхилдог эсвэл намын дэргэдэх төрийн бус байгууллагад төрийн захиргааны чиг үүргийг хүлээлгэн өгөх нь зохисгүй бөгөөд 2024 оны сонгуулийн сурталчилгаа, бэлтгэл, нийтэд хоногших, хүрэх үйл ажиллагааг Монголын  залуучуудын холбоогоор дамжуулан хийх эрсдэл хэмээн бид гэж үзэж байна.
  4. Мөн тус хуулийн 19 дүгээр зүйлийн “...19.1.10.аймаг, сум, дүүрэг дэх төвийн хэрэгжүүлэх энэ хуулийн 20.2-т заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг магадлан  итгэмжлэх…” -д тухай өөрчлөлт оруулсан нь харилцан адилгүй түвшинд хөгжиж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын дунд эрэмбэ, зэрэглэл, зааг тогтоож, төрийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх нэрийдлээр хараат бусаар ажиллах орон зайг нь хумих, үгүйсгэсэн явдал хэмээн харж байна.
  5. Мөн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Залуучуудын асуудлыг хариуцах төрийн байгууллагын бүтцийн зураглалыг шинээр боловсруулахдаа ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт харъяалуулах эсхүл аймаг, нийслэл, сум, дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн ажлын алба болгох, орон тоог цомхотгох тухай хувилбаруудыг ярилцаж байгаа нь залуучуудыг ТҮНШЛЭГЧ БИШ ХАЛАМЖ ХҮРТЭГЧ гэж харж байгааг илтгэж байгаа бөгөөд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалаас ухралт хийсэн явдал болов.

Иймд таныг Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.

  • Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг хуралдуулж эрх ашиг нь хөндөгдсөн бүлгүүдийн саналыг авч хуралд танилцуулах,
  • Дээрх өргөтгөсөн хуралдааны үеэр олон талын байр суурийг сонсож, тал талаас хэлэлцэх,
  • Хууль тогтоомжийн тухай хуулийн “51.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно. Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.1.10.аймаг, сум, дүүрэг дэх төвийн хэрэгжүүлэх энэ хуулийн 20.2-т заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг магадлан  итгэмжлэх, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах” гэснийг үндэслэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн үр дагаварт үнэлгээ хийх,
  • Хэрэв залуучуудын хөгжлийн газар болон төвүүдийг хэвээр үлдээх бол Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан агентлагаас салгаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд Залуучуудын хөгжлийн агентлаг байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвүүдийг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаж, бие даасан байр, хүний нөөцтэйгээр ажиллах боломжийг хангаж, одоогийн нөхцлийг дордуулахгүй байхыг шаардаж байна.

Жич: Хувийг Монгол Улсын сайд, Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Д.Амарбаясгалан болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Х.Булгантуяа нарт хүргэв.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах