UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ -д хаягласан өргөдөл
Мэргэжлийн хяналтыг иж бүрэн шинэчлэхийг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнээс шаардсан өргөдөл
Доржтүвдэн   94 дэмжсэн

Монгол улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч, иргэдийн идэх мах, хүнс ямар ч баталгаагүй, хортой байгааг илрүүллээ. 

Тухайлбал: Эмээлтэд байрлах мах боловсруулах үйлдвэрүүдийн махнаас ходоод гэдэсний эмгэг судлалын өвчин үүсгэх бодис удаа дараа илэрлээ . Уг үйлдвэр нь эрүүл ахуй, технологийн шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаагаа явуулж, гарал үүсэл, хаяг шошго нь тодорхойгүй махыг дулааны аргаар боловсруулж цогцос хадгалахад ашигладаг ФОРМАЛЬДЕГИД хэмээх бодисыг ашиглаж байжээ. Энэхүү бодис нь хорт хавдар үүсгэх зэргээр хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг байна. Монгол улсын иргэд хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа нь энэ мэт хүнсний эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн иргэдийн хүнсэнд хэрэглэгдэж байгаагаас ихээхэн шалтгаалж байна.

Уг үйл явдалаас шалтгаалж Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, 6 дах хэсэгт заасан эрүүл мэндээ хамгаалуулах эрх зэрэг үндсэн эрхүүд зөрчигдөж байна. 

Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан "Төрийн хяналт шалгалтын зарчим"-д тусгагдсан дараах зарчмууд бүрэн алдагдсан гэж үзэж байна. Үүнд: 4.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх; 4.1.2.хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх; 4.1.4.шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах;

Энэ мэтчилэн ноцтой зөрчлүүд удаа дараа илэрч байгаа нь Мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд ноцтой доголдол үүсэж, удаан хугацаанд үргэлжилсэн гэдгийг харуулж байна.

Мөн удаа дараагийн ноцтой асуудлуудад үр дүнтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь: 

  1. Мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа мэргэжлийн байж чадахгүй байгааг
  2. Мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд авилгал, ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэх үндэслэл болж байна.

Төрийн хяналтын чиг үүрэг ажиллахгүй байгаагаас үүдэж улсын хөгжил, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг Мэргэжлийн Хяналтын үйл ажиллагаа, тогтолцоо, хүний нөөцийг иж бүрэн шинэчилж цогц арга хэмжээ авахыг шаардаж энэхүү өргөдлийг гаргаж байна. 

Иргэд ирээдүйнхээ төлөө, аюулгүй амьдралын төлөө уг өргөдөлд нэгдэхийг уриалж байна.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах