UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
Улсын Их Хурал -д хаягласан өргөдөл
Монгол КАРТ ТӨСӨЛ
Даваажаргал   590 дэмжсэн

Нөхөд өө!

Хилийн чанад дахь үндэс угсаа нэгтнүүдээ дэмжиж, Монгол Улсын Улсын Их Хуралд «МОНГОЛ ҮНДЭСТНИЙ КАРТ»-ын тухай хуулийн төслийг өргөн барихад та бүхний оролцоо хэрэгтэй байна.

Монгол Улс нь ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлоохыг зорьж буй орон бөгөөд Улсын Их Хуралаас хүний хөгжлийг дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн хуулиудыг батлан гаргасаар байгаа билээ. 
Нөгөөтээгүүр, Монгол Улс нь үндэс угсаа нэгтнээ дэмжих хуульгүй Еврази дахь цор ганц орон юм. 
Монголын том, жижиг — бүх хөрш зэргэлдээ орнууд нь хилийн чанад дахь үндэс нэгтнүүдээ дэмжих, ирж суурьшихад нь туслах хууль тогтоомжтой билээ. Тийнхүү Хятад, Орос, Казахстан зэрэг улсууд тус бүр өөрийн нэг сая гаруй угсаа нэгтнийг гаднаас авч суурьшуулжээ. 
Киргиз, Өмнөд Солонгос улсууд нь гадаадад байгаа өөрийн үндэс нэгтнүүдийг дэмжих хуулиудыг батлан гаргаж, эх нутагт нь иргэний эрх, тодорхой хөнгөлөлт зэргийг эдлүүлэхийг хүлээн зөвшөөрч, зохих баримт бичгийг олгодог байна.

Монгол Улс нь аугаа түүхийн өв тээгч орон хэдий ч хилийн чанад дахь үндэс нэгтнүүддээ түүхэн эх нутагтаа ирж суурьшихад нь дэмжин туслаж, Монголын нийгмийн амьдралд оролцох боломжоор хангаж, өв уламжлалаа хөгжүүлж, хамтын түүхээ бүтээлцэх боломжийг ЭРХ ЗҮЙН хувьд нээж өгөөгүй байгаа нь тун харамсалтай. 
Монгол Улс энэ байдлыг өөрчилж, бусад соёл иргэншилт улс орнуудын адил гадаадын үндэс нэгтнээ дэмжих хуультай болох ёстой байна.

Иймд бид «МОНГОЛ ҮНДЭСТНИЙ КАРТ» буюу «Mongol Card»-ын тухай хуулийн төслийг боловсрууллаа. Ийм хуультай болбол гадаадад буй угсаа нэгт хүмүүс монгол туургатан мөн болохыг нь баталсан баримт бичигтэй болж, Монголын хэл соёл, үүх түүх, зан заншлын харилцаанд нэгдэн орох боломжийг олж авах юм. Монгол Улсад ирж, хүнд суртлын аливаа асуудалд илүү зардал гаргалгүй хууль ёсны дагуу ажиллаж амьдрах боломж бүрдэнэ.

Нөхөд өө! Монгол Улсын Улсын Их Хуралаас «МОНГОЛ ҮНДЭСТНИЙ КАРТ»-ын тухай хуулийг батлан гаргуулахад өөрийн хувь нэмрийг оруулна уу. Үүний тулд та бүхэн саналаа өгч, хилийн чанад дахь үндэс нэгтнүүдийг дэмжих хууль тогтоомж үгүйлэгдэж байгаа энэ чухал асуудалд олны анхаарлыг хандуулах хэрэгтэй байна. Энэ ажлыг ойшоон дэмжих хүн хэр их байхаас, Улсын Их Хуралаас уг хуулийг батлан гаргах магадлал шууд хамаарах билээ.

Энэ мэдээллийг найз нөхдөдөө түгээж, бидэнтэй нэгдэхийг уриалагтун!

Биднийг дэмжиж, саналаа өгөөрэй.

«МОНГОЛ ҮНДЭСТНИЙ КАРТ» төслийн талаар илүү дэлгэрэнгүйг Телеграм дахь @mncard_bot хаягаас аваарай.

website: www.mongolcard.online 

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах