Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн ИТХ-ын дарга Б.Батбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ -д хаягласан өргөдөл
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ, ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХ ГЭНЭТИЙН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ЦУЦЛАХЫГ ШААРДСАН ӨРГӨДӨЛ
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нь нийслэлд автомашиныг тэгш, сондгой дугаараар 2023 оны 2 сарын 1 хүртэл ээлжлэн зорчуулах, БСШУЯам ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлийг цахимаар хичээллүүлэх ГЭНЭТИЙН ШИЙДВЭРИЙГ өчигдөр гаргалаа.
Уг гэнэтийн шийдвэр нь ард иргэдийн амьдралд хор хохирол учруулж байна.
Тиймээс уг шийдвэрийг цуцлуулах нийтийн өргөдөлд нэгдэхийг уриалж, эсэргүүцэх дараах үндэслэлийг дэвшүүлж байна.
- Төрийн байгууллагын аливаа шийдвэр судалгаанд үндэслэсэн, олон нийтийн оролцоог хангасан, иргэдийн эрх ашигт нийцсэн байх ёстой. Гэтэл иргэдийн оролцоо, саналыг тусгахгүйгээр иргэдийн эрхэд халдсан үйлдэл боллоо. Захиргааны ерөнхий хуулийн 62.2-т заасан нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд...хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэснийг зөрчсөн.
- Уг түрэмгий шийдвэрийн улмаас сурагчдын хичээл хоцрогдох, хүүхдийн аюулгүй байдал эрсдэлд орох, иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудын ажил саатах, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл бодитой байна.
- Өвлийн ид хүйтэнд, нийтийн тээврийн автобусны үйлчилгээ муу, хүрэлцэхгүй, зам, талбай халтиргаа ихтэй ийм үед иргэдийн “хөлийг туших” шийдвэр гаргасан нь иргэдэд улам их хүндрэл үүсгэж байна.
- Тэгш сондгой дугаарын хязгаарлалт нь унаагаараа амьдрал, амьжиргаагаа залгуулдаг олон иргэний орлогыг тасалдуулах аюултай байна. Үүнд зөвхөн такси эрхлэгчид бус, хүргэлт, тээвэр, дуудлагаар үйлчилгээ үзүүлэгч олон мянган иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна.
- Гэнэтийн шийдвэр гаргаж хэрэгжилтээс нэг өдрийн өмнө зарладаг жишгийг хүлээн зөвшөөрч болшгүй бөгөөд тэвчишгүй. Олон мянган өрхийн амьдрал, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөө, гэр бүлийн байдлыг эрсдэлд оруулж байна.
- Иргэдийн санал, амьжиргааны бодит нөхцөлийг харгалздаггүй хүч түрсэн, дарангуй, түрэмгий шийдвэрийг жишиг болгохоос сэргийлэн өөрсдийн эрх чөлөө, амьдралын сайн сайхан байдлыг хангахын тулд уг шийдвэрийг эсэргүүцэж байна.
Дээрх шаардлагыг хүлээн авч, иргэдийн амьдралын нөхцөл байдал, аюулгүй байдлыг харгалзан, иргэнээ дээдэлсэн, хүний эрхийг хамгаалсан, хүнлэг, судалгаанд суурилсан шийдвэрийг боловсруулан гаргаж, уг түрэмгий шийдвэрээ эргэн харж цуцлахыг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын нийт төлөөлөгчид, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт уриалж, уг шаардлагыг хүргүүлж байна.
Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах