UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, Хүн намын дарга Т.Доржханд -д хаягласан өргөдөл
Хамтарсан засгийн газар байгуулахыг эсэргүүцсэн иргэдийн өргөдөл
М.Энхбадрал   0 дэмжсэн

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд 126 гишүүн бүхий парламент бүрдэж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна.

Гэвч 2024 оны сонгуулийн үр дүнд олонх болсон МАН(68), УИХ дахь цөөнх болох АН(42) болон Хүн(8 ) намтай хамтарсан засгийн газар байгуулах тухай хэлэлцээр өрнүүлж байгаа нь дараах сөрөг нөлөөллийг дагуулж болзошгүй байна:

1. Сонгуулийн ач холбогдол, иргэдийн итгэлийг бууруулах

Ардчилсан чөлөөт сонгууль нь иргэд төрийн эрх барих дээд байгууллагадаа өөрийн төлөөллийг сонгож, улс төрийн намуудад эрх барих эсхүл сөрөг хүчний үүргийг хуваарилах процесс юм. Гэвч сонгуулийн үр дүнг үл харгалзан намууд эвсэл байгуулах нь иргэдийн сонголтыг үнэгүйдүүлж сонгуулийн ач холбогдлыг бууруулах эрсдэлтэй. Улмаар улс төрийн тогтолцоонд итгэх иргэдийн итгэл, оролцоо буурах магадлалтай.

2. Парламентын тэнцвэр, хяналт алдагдах

Парламент дахь намууд засгийн газарт эвссэнээр бодит сөрөг хүчингүй болох буюу хяналтын чиг үүрэг хэрэгжих боломжгүй болох эрсдэлтэй. Улмаар парламент нь засгийн газартаа хяналт тавих боломж буурч, хяналтгүй засаглал бүрдэх аюултай.

3. Намуудын төлөвшил, хариуцлага сулрах

Улс төрийн ялгаатай үзэл баримтлалтай намууд засгийн газарт хамтарснаар улс төрийн намуудын үнэт зүйл, зарчим улам алдагдаж намын төлөвшлийг гажуудуулах бодит эрсдэлтэй. Улмаар намуудын улс төрийн хариуцлага хүлээх чадамж сулрах магадлалтай.

УИХ-ын сонгуульд эвсэж оролцоогүй намууд, сонгуулиар олонх бүрдсэн байхад хамтарсан засгийн газар байгуулах нь тогтолцооны хувьд эрүүл бус, хуйвалдааны шинжтэй.

Иргэдийн сонголтыг хүндэтгэж, эрх баригч болон сөрөг хүчний үүргээ биелүүлж ажиллахыг эрх баригч МАН болон сөрөг хүчин АН, Хүн намаас шаардаж байна. 

Хамтарсан засгийн газар байгуулахыг эсэргүүцэж буй иргэдийг энэхүү өргөдөлд нэгдэхийх уриалж байна. 

2024.07.05

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах