Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь олон нийтийн өмнө доромж үг, ёс бус хандлага илэрхийлж, иргэдийн эрхийг үл хүндэтгэж байгаад гүнээ санаа зовниж байна. Түүнчлэн нийслэлийн төсвийг олон их наядаар батлуулж, түүнийг хяналтгүй, үр ашиггүй, иргэдийн оролцоогүй байдлаар зарцуулсан нь нийтийн эрх ашигт харшлахаар байна. Түгжрэл бууруулах, ТҮЦ нүүлгэх, дугаарын хязгаарлалт зэрэг олон шийдвэрүүд нь хүний эрхэд халдсан бөгөөд үр дүнгүй байсаар ирсэн юм. Хотын даргын удирдлагын чадамж, ёс зүй, олон нийттэй харилцах чадвар нь нийтийн итгэл алдахад хүрсэн тул албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна.
Улаанбаатар хотын иргэдийн нэрийн өмнөөс энэхүү өргөдлийг гаргаж байна. Хотын дарга Х.Нямбаатар нь:
Ёс зүйгүй үг хэллэг, иргэдийг доромжилсон мэдэгдэл удаа дараа олон нийтийн өмнө хийж, төрийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн;
Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг олон нийтэд нээлттэй бус, хяналтгүй хэлбэрээр захиран зарцуулж, иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрахгүйгээр үр ашиггүй, үл тооцоолсон шийдвэрүүд гаргасаар байгаа;
Хэт төвлөрсөн шийдвэр гаргалт явуулж, иргэдийн санал бодол, оролцоог үл ойшоож, шийдвэр гаргалтад оролцох эрхийг зөрчиж байна;
Иргэдийн суурь эрхийг хязгаарласан олон шийдвэр, тухайлбал дугаарын хязгаарлалт, ТҮЦ нүүлгэх зэрэг нь хүний эрхийн байгууллагуудаас зөрчил гэж дүгнэгдсэн;
Олон нийттэй харилцах чадвар, нийтийн итгэл алдагдаж, нийслэлчүүдийн дунд итгэлгүй, эсэргүүцэл төрүүлж байна.
Эдгээр нөхцөл байдал нь Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлүүдэд бүрэн нийцэж байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн нэрийн өмнөөс хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлыг НИТХ болон Ерөнхий сайдад хүргүүлж, холбогдох шийдвэр гаргахыг шаардаж байна.
Иймд энэхүү өргөдлийг дэмжиж гарын үсэг зурж буй иргэд та бүхнийг нийслэлийн засаглалын ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоотой тогтолцоог дэмжихийн төлөө нэгдэхийг уриалж байна.