Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан нь энэхүү шаардлагыг гаргах эрх зүйн дээд үндэслэл мөн.
2025-2026 оны хичээлийн жил эхлэх гэж буй энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын гаргасан мэдээллээр сургуулийн өмнөх боловсролд 1127 багш, ажилтан (үүнээс арга зүйч 116, бүлгийн багш 333, хөгжмийн багш 213, биеийн тамирын багш 175, багшийн туслах 290), ерөнхий боловсролын сургуульд 3324 багш, ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч 106, сэтгэл зүйч 91, эмч 110, цэцэрлэгийн эмч 301 дутагдалтай байгаа нь боловсролын салбарт боловсон хүчин, хүний нөөцийн хямрал нүүрлэсний үр дагавар мөн.
Энэ нь Монгол Улсын төр, Засгийн газар, Боловсролын яам үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйг, боловсролын салбарын багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд хойшлуулшгүйгээр онцгойлон анхаарал хандуулах ёстой болсныг харуулж байна.