Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2020-12-24)
/Шинэчилсэн найруулга/
2020-12-24 баталсан
2020-04-22 өргөн барьсан
Хууль санаачлагчид Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Д.Ганболд, Н.Амарзаяа, Ж.Батзандан
Хуулийг энгийнээр
Төрийн болон орон нутгийн удирдлагыг хослуулах нь
2022-10-22

         Үндсэн хуульд 2019 онд дөрвөн чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсны нэг нь нутгийн удирдлагатай холбоотой өөрчлөлт. Орон нутагт төсөв, санхүүгийн тодорхой эрх мэдэл өгч, өөрөө бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь чухлыг судлаачид тэмдэглэдэг. Тиймээс ийм нөхцөлийг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн удирдлагыг холих биш, хослуулах, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг амилуулах үүднээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан.  

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах, улсын болон орон нутгийн ашиг сонирхлыг хослуулах, нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх зэрэг зарчмыг баримтална.

 

          Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх юм. Ингэхдээ санал хураалтад сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон бол уг санал авах ажлын дүнг хүчинтэйд тооцохоор заажээ.

Харин багийг өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын байршил, өрхийн тоо, уламжлал, эрхлэх аж ахуй, зам харилцааны онцлогийг харгалзан аймгийн Засаг даргын өргөн мэдүүлснээр аймгийн ИТХ шийдвэрлэнэ.  

Хог хаягдлын менежментийг орон нутаг хариуцна

Орон нутгийн чиг үүрэгт ямар асуудал хамаарахыг хуульд тусгажээ. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, өмчийн удирдлага, төсөв, албан татвар, төлбөр, хураамж, орон нутгийн сан, орон нутгийн хүний нөөцийн бодлогын төлөвлөлт, хөтөлбөр, үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний усан хангамж, худалдаа, үйлчилгээний зохицуулалт, орон сууц, нийтийн аж ахуй, орон нутаг дахь нийтийн тээвэр, суурин газрын замын хөдөлгөөн, авто зогсоол, гудамж, талбайн нэр, хаягжуулалт, хөшөө дурсгалын зохицуулалт, нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, орон нутгийн аялал жуулчлалын бодлого, менежмент, хог хаягдлын менежмент, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт зэрэг асуудлыг тухайн сум, дүүрэг өөрөө хариуцах юм.

Иргэн сум, дүүргийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй

Сум, баг, дүүрэг, хорооны тулгамдсан асуудлыг хэлэлцэх, зөвлөмж гаргах зорилгоор сонгуулийн эрх бүхий иргэд сайн дураараа хамтарч үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх эрхтэй. санал, зөвлөмжийг сум, дүүргийн ИТХ, баг, хорооны ИНХ хэлэлцэх үүрэгтэй.

Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэхүү санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн ИТХ хэлэлцэх үүрэгтэй.

Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар гаргах шийдвэрийн талаар хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулж болно.

 

Сум дүүргийн ИТХ нь баг, хорооны ИНХ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдахгүй  

ИТХ нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох, орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг 17 бүрэн эрхтэй байхаар хуульчилжээ.

Харин аймаг, нийслэлийн ИТХ нь сум, дүүргийн ИТХ-ын, сум дүүргийн ИТХ нь баг, хорооны ИНХ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно.  

Хот, тосгонд нутгийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлж болно

Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх нөхцөлийг хуулиар бүрдүүлжээ. Ингэхдээ тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, дэд бүтэц, тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх юм. Тухайлбал, улсын зэрэглэлтэй хот, түүний үндсэн нэгжид аймаг, сум, багийн зарим чиг үүргийг хариуцуулна. Харин орон нутгийн зэрэглэлттэй хот болон тосгонд сум, багийн зарим чиг үүргийг шилжүүлж болох юм.