Эзэнгүй суудлын түүх: Оролцоог хязгаарлах нь шийдэл биш
2026-06-18

Сонгуулиар бөхөлздөг, сонгогдохоороо гэдэлздэг улстөрчид ард түмнийг төлөөлөх үүргээ хангалтгүй биелүүлж, парламентын ардчиллыг сулруулах нэг шалтгаан болж байгаа тухай өмнөх нийтлэлдээ бичсэн. Төрийн түшээ хүн бол дарга биш. Ард иргэдийн төлөөлөл болж, хууль  тогтоох байгууллагын үйл ажиллагаанд идэвх, оролцоо, санаачилгатай ажиллах үүрэгтэй. Хуралдаандаа сууж, ирцээ бүртгүүлэх хамгийн наад захын шалгуураа ч биелүүлдэггүй гишүүд цөөнгүй бий. Магадгүй дархан эрхтэй төрийн түшээ болохоор төрийн үйл хэрэгт өөрийн тааллаар оролцох эсэх нь миний дур хэмээн андуурч, албан тушаалаа ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг илүүд үздэг байж мэднэ.

УИХ-ын гишүүдийн ийм хариуцлагагүй байдал нь өнөөдөр гэнэт бий болоогүй. Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш олон зүйл өөрчлөгдсөн ч гишүүдийн ирц, оролцоо сайжраагүй, үргэлж асуудал дагуулж ирсэн нь харамсалтай. Ардчиллын эхний жилүүдийн парламентын гишүүдийн ирц, оролцоог өнөө үетэй харьцуулахад харьцангуй сахилга баттай байсан гэж судлаачид үздэг. Гэвч нийгмийн шилжилтийн эгзэгтэй цаг үеийг давсны дараа олон намын өрсөлдөөн ширүүсч, улс төрийн ашиг сонирхол, тогтворгүй байдал нэмэгдэхийн хэрээр ирц ашиглан улс төр хийх үзэгдэл гарах болов. Ингээд 2000 он гарснаас хойш ирц хүрэхгүйгээс байнгын хороо болон чуулганы хуралдаан хойшлох тохиолдол гарах болсон нь парламентын үйл ажиллагааны хурдыг сааруулж, төрийн түшээд хурлаасаа хоцорч, чуулган таслах нь хэвийн үзэгдэл болж эхэлсэн байна.

Энэ нь улам даамжирч явсаар 2010 оны үеэс эхлэн “төгөлдөр хуурдах” гэх шинэ үзэгдэл Монголын парламентад гарч ирсэн. Гишүүд санал хураалтын үеэр байхгүй нэгнийхээ саналын товчлуурыг өмнөөс нь дарж гүйдэг нь ардчилсан парламентад байж болшгүй үзэгдэл байв. Энэ нь зөвхөн ирцийн асуудал ч биш, таны сонгож илгээсэн хүний өмнөөс өөр  хэн нэгэн хүн саналын товчуурыг нь дарснаар сонгогчид өөрсдийнхөө төлөөллөөр дамжуулан төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцох боломжгүй болно гэсэн үг. Товчоор хэлбэл, Ардчилсан парламентаа нураах үйлдлийг гишүүд өөрсдийн гараар хийж байв.

Ийм учраас УИХ-ын Тамгын газраас цахим бүртгэл нэвтрүүлж, гишүүдийн саналыг хурууны хээгээр баталгаажуулж, санал хураалтын мэдээллийг нээлттэй болгосон нь нэг том дэвшил болж чадсан. Энэ өөрчлөлт нь “төгөлдөр хуурдах” үзэгдлийг таслан зогсоож, гишүүдийн ирц, оролцоог олон нийт нээлттэй харах боломжийг бүрдүүлээд байна. Гэвч ирцтэй холбоотой асуудал бүрэн шийдэгдсэнгүй. УИХ-ын гишүүдийн ирц, оролцоо сайнгүй хэвээр. УИХ-ын нэгдсэн чуулганы тавдугаар сарын ирцийн мэдээллийг тухайн өдөр санал хураалтад оролцсон гишүүдийн тоотой харьцуулахад дунджаар 13 гишүүний зөрүү гарч байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 13 гишүүн ирцээ бүртгүүлчихээд саналт хураалтад оролцохгүй байна гэсэн үг. УИХ-ын нээлттэй мэдээлэлд байршуулсан эцэслэн баталсан хуулийн санал хураалтад оролцсон гишүүдийн тоог тухайн өдрийн ирцтэй харьцуулан харуулсан болно.

Ирцээ бүртгүүлсэн ч саналт хураалтад оролцохгүй байгаа нь асуудал технологид биш хүндээ байсныг харуулж байна. Ийм учраас ирц, оролцоо багатай гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульчлах тухай энэ удаагийн парламент удаа дараа ярьж, хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхлээд байна. Мэдээж хуулийн төслүүдийн зорилго нь гишүүдийг ирц оролцоо сайтай, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй байж төлөөллийн үүргээ биелүүлэхэд нь чиглэсэн хууль, эрх зүйн зохицуулалт бий болгох. Улмаар хариуцлага алдсан гишүүдэд хариуцлага хүлээлгэдэг зохицуулалтыг бий болгохоор төлөвлөж байна. Гэтэл саяхан өргөн барьсан  Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуралдааны дэг зөрчсөн үйлдэлд тухайн асуудал, эсхүл тухайн хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах гэж оруулжээ. Энэ нь гишүүдийн оролцоог нэмж, төлөөллийн үүргээ сайн биелүүлэхэд нь дэмжих биш, эсрэгээрээ гишүүдийн оролцох эрхийг шууд хязгаарлах Ардчилсан парламентын үйл ажиллагааны үндсэн зарчмын эсрэг заалт болсон нь харамсалтай. Мөн тус хуулийн төслийн 8.10 дугаар зүйлд “Гишүүн ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны хуралдаан тасалсан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу түүнийг ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс хасна” гэсэн нь дээрх заалтын агуулгыг баталгаажуулж байна.

  • 8.7.1.хуралдааны дэг зөрчсөн үйлдэлд хуралдаан даргалагч дараах хариуцлага хүлээлгэнэ:
  • 8.7.1.a.сануулах;   
  • 8.7.1.б.тухайн асуудал, эсхүл тухайн хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрх хасах. 
  • 8.10.Гишүүн ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны хуралдаан тасалсан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу түүнийг ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс хасна.

Иймээс шинээр батлагдах хууль нь гишүүдийн оролцоог хязгаарлах биш, олон нийтийн төлөөллийн үүргээ илүү идэвх оролцоотой хэрэгжүүлэх боломжийг нь бүрдүүлсэн зохицуулалттай байх нь чухал. Дээрх хуулийн төсөл болон бусад өргөн барьсан төсөлд гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд зайлшгүй байх ёстой, чухал зохицуулалт, агуулгууд багтсан. Энэ тухай дараагийн нийтлэлээр дэлгэрүүлэн хүргэх болно.

Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу. 

Сэтгэгдэл