
Засгийн газар “Оюу толгой” төслийн зардлыг бууруулж, Монголын талын ногдол ашиг авах хугацааг наашлуулах талаар хөрөнгө оруулагч талтай дээд түвшинд тохиролцсоноо мэдээлсэн. "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт ч 2027 онд Монгол Улсад ногдол ашиг олгохын төлөө хамтарч ажиллахаа илэрхийлээд буй.
Гэхдээ 3 их наяд төгрөг Монгол Улсын төсөвт орж ирнэ гэдгийг өнөөдөр Засгийн газраас өөр баттай хэлэх тал байхгүй байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд ч энэ талаар хэвлэл мэдээллээр гарч байгаатай ижил түвшний мэдээлэлтэй байгаа бөгөөд төсөвт эрсдэл үүсгэж болзошгүй гэдэг дүгнэлт танилцуулаад буй.
Харин өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх сэтгүүлчидтэй уулзахдаа, Монголын Засгийн газар 3 их наяд төгрөгийн ногдол ашиг хүсэж байгаа бол нийт ногдол ашиг 9 их наяд төгрөг байна гэсэн үг. Гэхдээ Оюу толгой хүссэн хэмжээгээрээ мөнгө үйлдвэрлэж чадахгүй. Тодорхой хэмжээний хязгаарлалттай, байгаа боломждоо захирагдана” гэв. Өөрөөр хэлбэл, компанийн мөнгөн урсгал хязгаартай тул хүссэн хэмжээгээр ногдол ашиг “үйлдвэрлэх” боломжгүйг тэрбээр анхаарууллаа.
Гэтэл Засгийн газар 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцоод, зарцуулах төлөвлөгөөгөө хэдийнэ гаргажээ. 1 их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн 2 их наядыг 2027 оны төсөвт төсөл, арга хэмжээ бүрээр хуваарилсан байна.
Энэ мөнгөний дийлэнх нь эрчим хүч, дулаан, боловсрол, зам тээврийн салбарт түлхүү зарцуулагддахаар байна. Харин газар зүйн хувьд Улаанбаатарт 468.2 тэрбум төгрөг хуваарилсан бол орон нутагт баруун бүсийн аймгууд руу харьцангуй их хөрөнгө чиглүүлэхээр төлөвлөжээ.
Оюу толгойн ногдол ашиг дансанд орж ирээгүй, орлоо гэхэд хэдий хэмжээтэй байхыг нөгөө тал ч хэлж мэдэхгүй, тодорхойгүй байна. Гэтэл зарцуулах төсөл нь хэдийнэ “эзнээ олжээ”.
З.Цэлмэг