
Төрийн түшээд ард түмнийг төлөөлөн төрийн эрх барих үндсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, ирц оролцоогоо нэмэгдүүлэн ардчилсан парламентын засаглалаа сайжруулах шаардлагатайг тоо, судалгаа хэлж байна. Түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ирц хүрээгүйн улмаас байнгын хороодын хуралдаан 38 удаа, ирц бүрдсэн ч зөвшилцөл хангаагүйн улмаас байнгын хороодын хуралдаан 19 удаа нийт 57 удаа хойшилсон байна. Мөн Улсын их хурлын гишүүдийн ёс зүйн асуудлаар 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Ёс зүйн дэд хороонд долоон гомдол, энэ оны нэгдүгээр улиралд 52 гомдол ирсэн нь Улсын их хурлын гишүүдийн хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих, төлөөлөх Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль зүйн механизм шаардлагатай болсныг харуулж байна гэж А.Ариунзаяа нарын 12 гишүүн санаачилсан Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд онцолжээ.
Тодруулбал, энэ удаагийн парламент хоёр жилийн хугацаанд таван удаа хуралдахдаа 163 хууль баталж, 200 тогтоол гаргасан байна. Баталсан хуулийнх нь тоог 2020-2024 оны хооронд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн найм дахь удаагийн парламентын баталсан 1838 хуультай харьцуулахад 8.9 хувийг эзэлж байгаа нь бага үзүүлэлт. Өөрөөр хэлбэл өмнөх парламент бүрэн эрхийнхээ талыг хэрэгжүүлэхдээ аль хэдийн 1000 орчим хууль баталчихсан байсан гэсэн үг. Харин энэ удаагийн парламент 2026 он хүртэл буюу бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 163 хууль баталжээ.

Шийдэл 1: Ийм учраас УИХ-ын гишүүд парламентынхаа үйл ажиллагааны зохион байгуулалт, ажлын бүтээмж, ирц оролцоогоо сайжруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Энэ хуулийн төсөлд гишүүдийн ирц, оролцоог нэмэгдүүлэх байнгын хорооны дарга нар хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад үед нэгдсэн хуралдаанд заавал оролцож Байнгын хорооны эрхлэх асуудалтай холбоотой асуултад хариулах үүрэгжүүлсэн зохицуулалт оруулжээ.

Ингээд дээрх үзүүлэлтийг үндэслэн гишүүнд ёс зүйн хариуцлага оногдуулах болон итгэл үзүүлэн дэмжих хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлснээр парламентын бүтээмж, үр нөлөөг дээшлүүлж, парламентад итгэх иргэдийн итгэлийг сайжруулна гэж үзэж байна. Мөн УИХ-ын гишүүн саналаа заавал биечлэн өгөхийг хуульчлах буюу гишүүн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй аливаа асуудлаар саналаа өгөхдөө заавал идэвхтэй үйлдлээр саналаа илэрхийлэх гэж тусгаж, хуралдааны дэг болон гишүүний ёс зүйн дүрэм зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тодорхой хуульчилжээ.

Шийдэл 2: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчөлт оруулах тухай хуулийн төсөлд гишүүн бүртгэлээс гарсан бол хуралдааны ирцэд оруулж, тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцдог одоогийн зохицуулалтыг хассан байна. Харин үүний оронд гишүүд санал хураалтад биечлэн оролцох, санал хураалтын тодорхой хувьд оролцоогүй тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалтыг нэмж тусгажээ. Тодруулбал, хуралдаан даргалагч санал хураалт явуулахаас 10 минутын өмнө нэг минутын турш санал хураалтын хонх дуугаргах бөгөөд хонх дуугарсан бол гишүүд нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцох үүрэгтэй болохыг зааж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санал хураалтад ирээгүй гишүүнийг санал хураалтын бүртгэлээс хасна гэж заасан байна.

Мөн гишүүн ажлын хэсгийн хуралдаанд хоёр ба түүнээс дээш удаа биечлэн оролцоогүй, түр хорооны хуралдаанд гурван удаа оролцоогүй бол бүрэлдэхүүнээс нь хасах зохицуулалтыг тусгасан. Гэхдээ гишүүний оролцоог шууд хязгаарлах нь Ардчилсан парламентын зарчимд харшлах тухай өмнөх нийтлэлдээ дурдсан. Ийнхүү дээрх хуулийн төслүүд батлагдсанаар чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт илүү тодорхой, ойлгомжтой болж, хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн чанар, үр нөлөө нэмэгдэнэ. Хамгийн гол нь шийдвэр гаргах үйл явцын ил тод байдал нэмэгдэж, гишүүний сахилга, хариуцлага сайжирч, эзэнгүй суудлын асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Дээрх хуулийн төслүүдийг Улсын их хуралд өргөн барьсан бөгөөд одоо хэлэлцүүлгийн шатандаа үргэлжилж байгаа юм.
Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу.
Эхний нийтлэлийг эндээс уншина уу.