
Монголын улс төрийн намууд бодлогын судалгааны хороо, хүрээлэнгүүдээ байгуулж эхэлсэн ч тэдгээрийн судалгааг намын шийдвэрт бодитоор тусгах, хараат бус байдлыг нь хамгаалах, тогтвортой санхүүжүүлэх тогтолцоо хараахан төлөвшөөгүй байна. Энэ нь “Улс төрийн намуудын үзэл баримтлал ба бодлогын тодорхой байдал” хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн гол агуулга байв.
“Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монголын улс төрийн намуудын үзэл баримтлал ба бодлогын тодорхой байдлыг дэмжих нь” төслийн хүрээнд энэ сарын 13-нд Улаанбаатар зочид буудлын Баянзүрх танхимд “Улс төрийн намуудын үзэл баримтлал ба бодлогын тодорхой байдал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 20 гаруй судлаач, иргэний нийгэм болон улс төрийн намын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн тэргүүн М.Энхбадрал намуудын дэргэдэх бодлогын судалгааны хүрээлэнгүүдийг зөвхөн нэр төдий байгууллага бус, намын шийдвэр гаргалтад оролцдог бүтэц болгох нь төслийн гол зорилго гэдгийг онцлов.
Харин Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Крейг Кастанья улс төрийн намууд үзэл баримтлал, бодлогын ялгаагаа тодорхой болгож, бодлогоо уралдуулдаг улс төрийн мэтгэлцээнийг төлөвшүүлэх шаардлагатайг хэллээ. Энэхүү төслийн хүрээнд намуудын эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн бодлогыг харьцуулан судалсан байна. “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн судлаач Г.Доржтүвдэнгийн мэдээлснээр парламентад суудалтай таван намд дээрх гурван сэдвээр тус бүр гурваан бодлогын асуулт хүргүүлснээс дөрвөн намаас нь хариу ирүүлжээ. Намуудын хариултад дүн шинжилгээ хийж, бодлогын товч танилцуулга болон зөвлөмж боловсруулан хүргүүлэхээр төлөвлөсөн байна.
“Улс төрийн намуудын үзэл баримтлал ба бодлогын тодорхой байдал” хэлэлцүүлэгт МАН, АН, ХҮН намын бодлогын судалгааны байгууллагын төлөөлөл оролцов.
МАН-ын Эдийн засгийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга Т.Найдан тус нам 11 бодлогын хороо байгуулж, салбар бүрийн судлаач, мэргэжилтний зөвлөмжийг Удирдах зөвлөлдөө хүргэх бүтэц бүрдүүлж байгааг танилцууллаа. Мөн намын бодлого, судалгааны мэдээллийг нээлттэй хүргэж, иргэдээс санал авах цахим платформ ажиллуулж эхэлсэн байна.
АН-ын дэргэдэх “Гэрэгэ” бодлого судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Х.Номингэрэл тус хүрээлэн 2026 оны эхээр байгуулагдаж, эдийн засаг, засаглалын суурь судалгаанд төвлөрч байгааг хэлэв. Судалгааны үр дүнг нээлттэй болгох, судлаачийн хараат бус байдлыг хамгаалахын зэрэгцээ АН-ын баруун төвийн үзэл баримтлалын ялгарлыг олон нийтэд ойлгуулах замаар сонгогчдын боловсролыг сайжруулахад анхаарах аж.
ХҮН намын дэргэдэх “Хүн” бодлого судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Отгонтөгс тус төвийн удирдах зөвлөлд намын удирдлагыг бус, судлаачдыг түлхүү оруулснаа онцлов. Тус хүрээлэн нь парламент болон Засгийн газар дахь намын төлөөллийн хариуцаж буй салбар болох бизнес, эдийн засгийн идэвхжил, эрчим хүч, боловсрол гэсэн гурван чиглэлд төвлөрч байгаа аж. Хэдийгээр бусад чиглэлд анхаарахд хүний нөөц, санхүүжилтын хязгаарлагдмал байдлыг шийдвэрлэхэд чухал байгааг хэллээ. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн, парламентад суудалтай улс төрийн намуудад төсвөөс санхүүжилт олгож, түүнийхээ тодорхой хувийг намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагадаа зарцуулахаар болсон нь урсгал зардлыг санхүүжүүлж, судлаачид судалгааны ажлаа хийхэд нэмэр болж буй гэдгийг онцоллоо.
Гэвч санхүүжилтийн хүрэлцээ гурван намд нийтлэг сорилт болж байна. Төрөөс олгож буй санхүүжилт нь үндсэн үйл ажиллагааны зардлыг нөхөх боловч томоохон судалгаа хийхэд хангалтгүй байгааг төлөөллүүд хэлэв. Иймээс өмнө хийгдсэн судалгаануудыг эргэлтэд оруулах, мэргэжлийн судлаачид болон бусад байгууллагатай хамтрах замаар судалгааны чанарыг сайжруулах боломжтой аж.
Нөгөөтэйгээр, судалгааны хүрээлэнгүүд намын удирдлагын хүссэн дүгнэлтийг гаргах уу, эсвэл судлаачийн ёс зүйг баримталж, баримтад тулгуурлан, намын удирдлагын улс төрийн ашиг хонжоо хайсан шийдвэрт шүүмжлэлтэй хандаж чадах эсэхэд хэлэлцүүлэгт оролцсон зарим оролцогч эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Хэдийгээр хуулиар бүтэц байгуулах боломжтой ч судалгааны хараат бус байдал, дүгнэлтийг шийдвэрт тусгах дүрэм, олон нийтийн хяналтгүй бол бодлогын хүрээлэнгүүд нь бие даасан бус, намын бас нэг дотоод нэгж болон үлдэх эрсдэлтэй аж.
Монголд олон нам бүртгэлтэй ч парламентын бодит нөлөө хоёр гол улс төрийн хүчинд төвлөрсөөр ирснийг тус төслийн хүрээнд хийсэн судалгаагаар тогтоогоод буй. 1992–2024 оны парламентын нийт суудлын 93.2 хувийг МАН болон АН, ардчилсан чиглэлийн эвслүүд эзэлжээ. Үр нөлөө бүхий парламентын намын тоо өнгөрсөн есөн сонгуулийн дунджаар 1.8 байгаа нь бодит өрсөлдөөн сул байсныг харуулдаг.
2024 оны сонгуулиас өмнө улс төрийн намын тухай хуулийг шинэчилснээр намууд бодлогоор ялгардаг болох эхлэл тавигдсан. Харин одоо судалгаагаа шийдвэр болгох институцийн шалгалт бидний урд байна.