Ардчилсан нийгэмд иргэдийн улс төрийн оролцоо, тэр дундаа нийгмийн бүлгүүдийн улс төрийн идэвхтэй оролцоо чухал нөлөөтэй байдаг. Үүн дотор эрэгтэй, эмэгтэй, ахмад болон залуу үеийн төлөөллийн хэмжээ чухал хэмжүүр болдог. Монгол улс 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш УИХ-ын сонгуулийг 8 удаа, орон нутгийн сонгуулийг 7 удаа зохион байгуулаад байна. Сонгуулиар дамжуулж иргэд төрийн эрх барих эрхээ эдэлдэг.
Монгол улсад 1992 оноос хойших сонгууль тус бүрд сонгогдсон төлөөлөгчдийн дунд залуучууд болон эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байсаар ирсэн. 2020 оны УИХ-ын сонгуульд нийт 606 нэр дэвшигчид нэрээ дэвшүүлж өрсөлдсөн бөгөөд сонгуулийн үр дүнд 13 эмэгтэй гишүүн УИХ-д сонгогджээ. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн 7.8 хувь нь буюу 6 гишүүн 40-өөс доош насны залуу гишүүн байна. Мөн 35 хүртэлх насны 1 залуу гишүүн сонгондсон байна. Үүнээс харахад залуу болон болон эмэгтэйчүүдийн төлөөлөл төрийн шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байна. Нөгөөтээгүүр улс төр дэх залуучууд болон эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа шалтгааны судалж тодруулах, тулгамддаг асуудал, нөхцөл байдал, улс төрийн намуудын дотоод ардчилал, УИХ болон орон нутгийн сонгуулийн үйл явцыг судалсан судалгаа шинжилгээний ажил хязгаарлагдмал байна. Улс төр дэх залуучууд эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг судалснаар, асуудлыг шийдвэрлэх, залуучууд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.
Уг судалгааг "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн санаачилга, USAID, IRI, Азийн сангийн дэмжлэгтэйгээр улс төр дэх залуучууд болон эмэгтэйчүүдэд тулгамддаг сорилт бэрхшээлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, тодруулах зорилгоор хэрэгжүүлсэн.