Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгаа
Судалгааны хураангуй
Боловсролд хамран сургалт, тэнцвэрт байдлын түвшин сайжирч байгааг жендэрийн тэгш байдлыг хангасан гэж үзэхгүй бөгөөд тэгш эрхийг бодитоор хангах шаардлага хэвээр. Учир нь жендэрийн институцийн хувьд сургуулиуд одоо байгаа жендэрийн тэгш бус байдлыг сөрж өөрчлөхийн оронд хуулбарлан дахин үйлдвэрлэж байгааг бид харж байна. Багшийн зан үйл, суралцагчидтайгаа харилцах байдал, тэдэнд тавьж байгаа хүлээлт, үе тэнгийнхний дунд тогтсон хэм хэмжээ, албан ёсны сургалтын хөтөлбөр болон сургуулийг бүтцийн хувьд хэрхэн зохион байгуулж, удирдаж байгаагаар дамжин хуулбарлагдсаар байна.
Тиймээс бид ЕБС-ийн багш нарын жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгааг олон улсад хэрэглэгддэг КАР арга зүйг ашиглан хийлээ. Шинээр батлагдсан боловсролын хуулинд “жендэрийг” хүний боловсрол эзэмшихтэй холбоотой ялгаатай хэрэгцээ гэж тусгасан тул багш, боловсролын салбарын ажилтнуудын хувьд зайлшгүй эзэмших ёстой мэдлэг, ур чадвар төдийгүй хандлага, зан үйл болж төлөвшсөн байх ёстой болж байна. Гэтэл судалгаагаар нийт багш нар жендэрийн тэгш байдлын талаар хангалтгүй мэдлэгтэй, жендэрийн хэвшмэл ойлголт хандлагатай, жендэрийн мэдрэмжтэй дадал бүрэн төлөвшөөгүй байдал илэрлээ. Жендэрийн талаарх сургалтад хамрагдаж байсан багшийн мэдлэг арай илүү, нас залуу багш нарын ойлголт хандлага нааштай, туршлагатай багш нарын эерэг дадал илүү төлөвшсөн зэрэг сонирхолтой үр дүнгүүд гарлаа.