Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх шүүмж
Судалгааны хураангуй
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой гэх боловч Үндсэн хууль, түүний суурь зарчмуудтай зөрчилдөж, УИХ-ын төлөөллийн мөн чанар, парламентын бүрэн эрхт байдал, гишүүний чөлөөт мандатад халдсан шинжтэй байна. Ялангуяа намын жагсаалтаар сонгогдсон гишүүнийг нам, эвслээс эгүүлэн татах санал гаргаж шийдвэрлэх нь гишүүний ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах зарчмыг зөрчиж, гишүүдийн тэгш байдлыг алдагдуулж байна. Мөн иргэний гомдлын дагуу ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, тангаргаасаа няцсан зэрэг ерөнхий үндэслэлүүдээр УИХ-аас эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг Цэцээр тогтоолгохоор УИХ-аас хүсэлт явуулах заалтууд нь Үндсэн хуульд байхгүй шинэ зохицуулалт үүсгэсэн, нөгөө талаар мөн гишүүний чөлөөт мандатыг зөрчиж байна.