Боловсролын төсөв, санхүүжилтийн талаар баримтлах иргэний нийгмийн байр суурийн баримт бичиг
Судалгааны хураангуй
Боловсролыг дэлхий нийтийн хөгжлийн томоохон хурдасгуур хэмээн хүлээн зөвшөөрч, 2015 онд Тогтвортой Хөгжлийн Зорилго 4-ийн хүрээнд “Хэнийг ч ардаа орхилгүйгээр чанартай, тэгш хамарсан, эрх тэгш боловсролыг дэмжих ба насан туршийн суралцах боломжийг бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд улс орнуудын төсвийн зардлын наад зах нь 15-20%, эсвэл дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ий 4-6%- ийг боловсролын салбарт зарцуулах үүрэг амлалтыг авсан.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд боловсролын салбарын санхүүжилт тогтвортой нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа ч энэ нь хангалттай, тогтвортой түвшинд хүрээгүй бөгөөд нэг суралцагчид жилд ногдох зардал туйлын хангалтгүй байгаа нь боловсролын хүртээмж, чанар, эрх тэгш байдалд нөлөө үзүүлсээр байна. Боловсролын төсвийн зарцуулалтын хүртээмж нь тэгш бус, ялгаатай хэрэгцээтэй сурагчдын нөхцөл байдал, онцлогт нийцээгүй байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, малчин өрхийн болон нийгэм эдийн засгийн статус доогуур өрхийн хүүхдүүдийн хувьд чанартай боловсрол эзэмших суурь эрх хэрэгжиж чадахгүй байна.